Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ

УНГАР ДАХЬ МОНГОЛЧУУДЫН “МОНГОЛ НААДАМ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой”-г тохиолдуулан Будапешт хотноо 2026 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Унгар дахь Монголчуудын холбоотой “Монгол Наадам-2026” хамтран зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд Унгар, Чех, Польш, Австри, Румын, Герман Улсаас нийт 600 гаруй иргэд оролцож өргөн дэлгэр тэмдэглэлээ.

May be an image of text

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлж, уртын дуу, морин хуур, бий биелгээ, хийлийн эгшиг, морьтой үзүүлбэр, Монгол ардын дуу хөгжим, бүжгийн үзүүлбэр толилуулагдав. Хүчит бөхийн барилдаан, Үндэсний сурын харваа, Шагайн харваа болон Гар барилдаан, Дээлтэй Монгол, хүүхдийн уралдаан зэрэг тэмцээнүүд өрсөлдөөнтэй, амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Унгар дахь Монголчуудын холбооны тэргүүн Н.Батдуулга, ТИТЕМ, Зилибал, Глобал Ток, Наранжобс, Бондгор карго Чука зэрэг компаниуд, Наадмын талбайг чимж Монгол гэр барьж дэмжлэг үзүүлсэн Пүрэвжавын Адъяажамба, Чулууны Дуламсүрэн, Морьтой үзүүлбэр үзүүлсэн Б.Оргилболд нарт Элчин сайдын яам болон зохион байгуулах хорооны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Та бүхэн дэнж хотойтол сайхан наадаарай!

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН УНГАР УЛСЫН ДЬӨР ХОТОД АЖИЛЛАХ ҮЕЭРЭЭ УНГАРЫН ӨВ СОЁЛ, ЭРТНИЙ УЛАМЖЛАЛ, НҮҮДЭЛЧИН АХУЙ АМЬДРАЛЫГ ТАНИЛЦУУЛСАН “СЕНТ ЛАСЛО” ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын Дьөр хотод ажиллах үеэрээ Унгарын өв соёл, эртний уламжлал, нүүдэлчин ахуй амьдралыг танилцуулсан “Сент Ласло” өдөрлөгийн арга хэмжээнд оролцов.

Монгол, Унгарын ард түмэн нүүдэлчин ахуй амьдрал, уламжлал, морьны соёл, түүхэн өвөө дээдлэх үзлээрээ адил төстэй талууд олон байгаа болохыг уг өдөрлөгийн үеэр танилцах боломжыг бүрдүүлж өгсөн байлаа.

Тухайлбал, унгар гэр, эртний нүүдэлчин ахуй амьдралын хэв маяг нь монгол гэр, монголын ард түмний эдэлж хэрэглэж байсантай ижил төстэй байгаа нь сонирхол татав. Мөн түүнчлэн унгарчуудын оюун санааны өвийн нэг хэсэг болсон “талтош”-ийн зан үйл нь Монголын бөө мөргөлтэй олон талаараа ижил төстэй байлаа.

Өдөрлөгийн үеэр дундад зууны үеийн үндэсний хувцас, гар урлал, хүлэг баатруудын морин үзүүлбэрүүдийг толилуулав. Элчин сайд Н.Энхтайван өдөрлөгийг зохион байгуулагчидтай уулзаж, өв уламжлал, соёлын талаар нээлттэй яриа өрнүүлж , энэ 7 дугаар сарын 5-ны өдөр Будапешт хотноо болох Монгол наадамд хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай танилцахыг урив.

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН “АУДИ” КОМПАНИЙН ҮЙЛДВЭРИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Элчин сайд Н.Энхтайван Дьөр хотод “АУДИ” компанийн гүйцэтгэгч “DP WORLD” машины үйлдвэрийн цогцолбортой танилцаж, үйлдвэр хариуцсан захирал Хаяналка Кишне, хүний нөөц хариуцсан захирал Андреа Замборски нартай уулзалт хийж, тэнд хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдтэй уулзлаа.

Сонирхуулахад тус цогцолборт нийт 1000 орчим хүн ажилладгаас 130 монгол иргэн хөдөлмөр эрхэлдэг бөгөөд өдөрт үйлдвэрээс нийт 814 машин буюу 1 минут 30 секүнд тутамд шинэ машин угсарч гаргадаг байна.

Уулзалтын үеэр компанийн удирдлагын зүгээс монгол иргэд ажилдаа хариуцлагатай ханддагийг онцолж, цаашид тэдний тоог нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Элчин сайд ажилчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломжоор хангаж спорт заалны түрээсийн асуудлыг шийдвэрлэж өгөх, орон байрны нөхцлийг сайжруулах, Монгол хүүхдүүдийн сургуулийн асуудалд дэмжлэг үзүүлэх саналыг дэвшүүлэв.

Элчин сайд үйлдвэр дээр зочлох үеэр компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн процесстэй танилцахаас гадна ажлын байрны нөхцөлтэй танилцаж, ажиллаж буй монгол иргэдтэй уулзаж ахуй амьдрал, тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл солилцлоо.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2026 оны зуны энэ өдрүүдэд Европын бүх улс орнуудад хэт халах цаг уурын онцгой үзэгдэл явагдаж, агаарын хэм өдөртөө +33-аас +40 хэм хүртэл халж 1 дүгээр зэрэглэлийн аюулт түвшингийн анхааруулга зарлаж байгаатай холбогдуулан Европ ын улс орнууд руу хувийн болон албаны хэргээр зорчих, зорчиж буй Монгол Улсын иргэдэд нарших, наршилтаас хамгаалах арга хэмжээ авах, галын аюулаас урьдчилан сэргийлэх, ийм эрсдэл өндөртэй газар нутаг руу аль болох зорчихгүй байх, даралт, зүрх судасны хууч өвчтэй иргэд болон хүүхэд багачуудад онцгой анхаарал тавих зэргээр амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөндөө учирч болзошгүй эрсдлийг урьдчилан харж төлөвлөлтөө хийхийг Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамнаас онцгойлон анхааруулж байна.

Түүнчлэн, Унгар болон Серби Улсад зорчиж буй Монгол Улсын иргэдэд эрсдэлтэй ямар нэгэн асуудал тохиолдох бол Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамны дараахь утас болон и-мэйл хаягаар яаралтай холбоо барьж, мэдээллээ өгөхийг хүсье.

Элчин сайдын яамны хаяг:

1022 Budapest

Bogar utca 14/C,

The Embassy of Mongolia

И-мэйл хаяг: budapest@mfa.gov.mn

Утас: +36302080427 /Г.Төгөлдөр/

МОНГОЛ УЛСААС УНГАР УЛСАД

СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН ДЬӨР ХОТОД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАСАН ТУХАЙ

2026 оны 6 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван Элчин сайдын яамны албан хаагчдын хамт Дьөр хотод томилолтоор ажиллаж, тухайн мужид оршин суугаа монгол иргэдтэй уулзаж, иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Дьөр хотноо болсон Унгарын өв соёл, эртний уламжлал, нүүдэлчин ахуй амьдралыг танилцуулсан “Сент Ласло” өдөрлөгт оролцож, “Ауди” компанийн үйлдвэрийн удирдлагатай уулзалт хийж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

Тус мужид амьдарч буй иргэдтэй уулзах үеэр Элчин сайд Н.Энхтайван Монгол-Унгарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Элчин сайдын яамны зүгээс үзүүлэх консулын үйлчилгээ, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, нээлттэй ярилцав.

Иргэдийн зүгээс Унгар Улсад амьдарч буй 0-17 насны монгол хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудал нэн чухал байгааг онцлов. Унгар Улсын Засгийн газрын бүтцэд шинээр Эрүүл мэндийн яам байгуулагдсан тул Элчин сайдын яамны зүгээс Эрүүл мэндийн сайд болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийх хүсэлтээ өгч, дээрх болон бусад асуудлаар холбогдох санал хүсэлтээ хүргүүлэхээр бэлтгэж байна гэдгийг мэдээлэв.

Түүнчлэн иргэдэд нийгмийн даатгал, тэтгэвэр тогтоолгох талаар болон Унгар Улсад оршин суух зөвшөөрлийн төрөл, сунгалт зэрэг сэдвээр товч мэдээлэл, зөвлөгөө өгч, 20 гаруй иргэнд нотариат, иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлж, хоёр хосын гэрлэлтийг бүртгэн баталгаажуулснаар Монгол Улсад хоёр шинэ өрх айл нэмэгдлээ.

УРИЛГА

Дьөр-Мошон-Шопрон мужид оршин суугааа Монгол иргэд Та бүхнийг Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайвантай хийх уулзалтад хүрэлцэн ирж, оролцохыг урьж байна.

Уулзалт 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 16 цагт Дьөр хотод болно.

Мөн өдрийн 10-16 цагийн хооронд тус Элчин сайдын яамны консулын ажилтан иргэд Та бүхэнд КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэх тул Та дараах холбоосоор ЦАГ АВЧ, ирнэ үү. Баярлалаа.

Хаяг: 9024 Győr, Mónus Illés u. 47-49

Элчин сайд “Hungarian Rhapsody” язгуур урлагийн хамтлаг, Нүүдэлчин үе сан /Nomad Generation Foundation/-гийн Ерөнхийлөгч нартай уулзалт хийв

Элчин сайд Н.Энхтайван “Hungarian Rhapsody” мажаар язгуур урлагийн хамтлагийн ерөнхий продюсер Янош Тот болон Нүүдэлчин үе сан /Nomad Generation Foundation/-гийн Ерөнхийлөгч Чоори Баниай Рэка нартай уулзалт хийв.

“Hungarian Rhapsody” хамтлаг нь түрэг–унгарын хөгжмийн ул мөрийг орчин үеийн өвөрмөц хэлээр сэргээн амилуулах эрхэм зорилгыг тээж, мажаар ардын хөгжмийн зэмсгүүдийг орчин үеийн найруулгатай хослуулсан өвөрмөц аялгууг бүтээдгээрээ онцлог юм.

Уулзалтын үеэр талууд Монгол–Унгарын соёлын харилцаа, ялангуяа хөгжим, урлагийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо солилцов. Уулзалтаар Монгол уран бүтээлчтэй хамтран ажиллах боломжтой бөгөөд Монгол өв, аялгуу шингэсэн хөгжмийн бүтээл хамтран туурвих, Монгол ардын дуу, аялгууны өвөөс сэдэвлэн “Hungarian Rhapsody” хамтлагийн орчин үеийн найруулга, хэв маягт оруулан шинэ бүтээл туурвих, Европ дахь монгол уран бүтээлч, хамтлагтай холбогдох ажилд дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.

Энэхүү уулзалт нь Монгол–Унгарын соёлын харилцааг урлаг соёлоор дамжуулан өргөжүүлэх, хоёр ард түмний түүх соёлын гүн гүнзгий холбоосыг олон нийтэд таниулах нэгэн алхам боллоо.

УРАЛДААНЫ ЗАР МЭДЭЭЛЭЛ

Монгол Улс, Унгар Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, үндэсний соёл, өвийг олон талт агуулгаар баяжуулах, сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамнаас:

а/Унгар Улсад сурч, ажиллаж, амьдарч байсан, одоо сурч, ажиллаж, амьдарч байгаа,

б/Унгар Улсад аялан зочилж байсан,

в/Унгар иргэдтэй хамтарч ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа,

г/Унгар иргэдтэй ямар нэгэн байдлаар өмнө нь холбоотой байсан Монгол иргэдийнхээ дунд Монгол, Унгарын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жирийн иргэд хоорондын нөхөрлөл, энгийн харилцаа, хамтын ажиллагаанд хэрхэн хоногшиж үлдсэн тухай “Сэтгэлд хоногшсон Унгар орон” сэдэвт өгүүллэг бичих уралдааныг 2026 оны 6 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 25-ныг хүртэл 3 сарын хугацаанд зарлаж байна.

Уралдааны сэдэв, агуулга, болзол, тавигдах шаардлага, дүгнэх журам, шагнал, урамшууллын талаарх мэдээллийг хавсралтаас үзнэ үү.

Бүтээлийг 2026 оны 9 дүгээр сарын 25-ны дотор Элчин сайдын яамны budapest@mfa.gov.mn имэйл хаягаар тус тус хүлээж авна.

Лавлаж, тодруулах зүйлс байгаа бол Г.Төгөлдөр +36302080427 утаснаас авна уу.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Элчин сайд Н.Энхтайван, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн А.Ундраа нар Үндэсний Ассамблейн Амьдрах орчин (Байгаль орчны асуудал эрхэлсэн)-ы байнгын хорооны дарга Жолт Немет, дэд дарга Бихари Золтан нартай уулзав

Элчин сайд Н.Энхтайван, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн А.Ундраа нар Үндэсний Ассамблейн Амьдрах орчин (Байгаль орчны асуудал эрхэлсэн)-ы байнгын хорооны дарга Жолт Немет, дэд дарга Бихари Золтан нартай уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Н.Энхтайван хоёр орны улс төр, тэр дотроо хууль тогтоох байгууллага хоорондын нөхөрсөг хамтын ажиллагааны талаар танилцуулж, Элчин сайдаар ажиллах хугацаандаа уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Гишүүн А.Ундраа байгаль орчин хамгаалах салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгаагаа танилцуулж цаашид унгарын сайн туршлагаас суралцах, нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.

Талууд цаашид Байнгын хороо, Парламент дахь Найрамдлын бүлэг хооронд айлчлал хэрэгжүүлэх, туршлага солилцох замаар усны менежмент, орон нутгийн хог хаягдлын менежмент зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сард зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Унгар Улсын дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Н.Энхтайван, Гишүүн А.Ундраа нар илэрхийлсэн болно.