
Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын Дьөр хотод ажиллах үеэрээ Унгарын өв соёл, эртний уламжлал, нүүдэлчин ахуй амьдралыг танилцуулсан “Сент Ласло” өдөрлөгийн арга хэмжээнд оролцов.

Монгол, Унгарын ард түмэн нүүдэлчин ахуй амьдрал, уламжлал, морьны соёл, түүхэн өвөө дээдлэх үзлээрээ адил төстэй талууд олон байгаа болохыг уг өдөрлөгийн үеэр танилцах боломжыг бүрдүүлж өгсөн байлаа.
Тухайлбал, унгар гэр, эртний нүүдэлчин ахуй амьдралын хэв маяг нь монгол гэр, монголын ард түмний эдэлж хэрэглэж байсантай ижил төстэй байгаа нь сонирхол татав. Мөн түүнчлэн унгарчуудын оюун санааны өвийн нэг хэсэг болсон “талтош”-ийн зан үйл нь Монголын бөө мөргөлтэй олон талаараа ижил төстэй байлаа.

Өдөрлөгийн үеэр дундад зууны үеийн үндэсний хувцас, гар урлал, хүлэг баатруудын морин үзүүлбэрүүдийг толилуулав. Элчин сайд Н.Энхтайван өдөрлөгийг зохион байгуулагчидтай уулзаж, өв уламжлал, соёлын талаар нээлттэй яриа өрнүүлж , энэ 7 дугаар сарын 5-ны өдөр Будапешт хотноо болох Монгол наадамд хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай танилцахыг урив.
