Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ

ЭХЛЭЛ 2К АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийтэлсэн 19/10/2026

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам, Унгар дахь Монгол оюутны холбоо (УМОХ)-той хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг «Эхлэл 2К» арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 17-ны өпөр зохион байгуулав.

Элчин сайд Н.Энхтайван өөрийн оюутан ахуй цагийн туршлага, амьдралдаа баримталдаг зарчмуудаасаа хуваалцаж, оюутнуудад захиас зөвөлгөө өгөв. Элчин сайд Монгол хүний хамгийн том бахархал бол эх орон гэдгийг онцлон, гадаадад суралцаж буй залуус эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж явахын чухлыг сануулж, оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.

Элчин сайдын яамны зүгээс монгол оюутнуудад үзүүлдэг консулын үйлчилгээний төрөл, суралцахтай холбоотой асуудлаар яамнаас үзүүлж болох дэмжлэгийн талаар мэдээлэл өглөө. УМОХ-ын тэргүүн Б.Бурмаа оюутны холбооны үйл ажиллагаа, жил бүр зохион байгуулдаг арга хэмжээнүүдийг танилцуулав.

Мөн Унгар Улсад шинээр суралцахаар ирсэн оюутнуудад их сургуулийн сургалтын тогтолцоонд хэрхэн дасан зохицож, хичээлдээ үр дүнтэй суралцах, оршин суух болон суралцахтай холбоотой бичиг баримтаа бүрдүүлэх талаар практик зөвөлгөө өгөв. Унгар дахь Монголчуудын холбооны тэргүүн асан, өмгөөлөгч, хуульч Ч.Энхбат Унгар Улсын дотоодын хууль тогтоомж, эрх зүйн асуудлаар, ЭЛТЭ их сургуулийн докторант Э.Дөлгөөн Унгар Улсад чөлөөт цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар тус тус зөвөлгөө, мэдээлэл өгөв.

Элчин сайдын яам Унгар Улсад суралцаж буй нийт монгол оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсэж, эзэмшсэн мэдлэг, ур чадвараараа эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах, эх орондоо хэрэгтэй мэргэжилтэн болохыг ерөөе.