Апостиль гэрчилгээ нь Монгол Улсын бичиг баримтыг Апостиль конвенцын гишүүн 130 улсад хүчин төгөлдөр болгон баталгаажуулан олгож буй гэрчилгээ юм. https://www.hcch.net/en/instruments/conventions/status-table/?cid=41
Элчин сайдын яаманд зөвхөн бичиг баримт хүлээн авах боломжтой ба Апостиль гэрчилгээг зөвхөн Улаанбаатар хотод байрлах Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас хүлээн авах боломжтой.
Хэрэв Таны бичиг баримт Монгол Улсад байгаа бол бичиг баримтаа бүрдүүлэн Гадаад харилцааны яаманд захиалга өгөх боломжтой. https://www.consul.mn/services/6
Хэрэв бичиг баримт тань Унгар Улсад байгаа бол бичиг баримтаа бүрдүүлэн Элчин сайдын яаманд ирж нотариатаар баталгаажуулан Гадаад харилцааны яам руу хүргүүлэх боломжтой. Таныг төлөөлөн Апостиль гэрчилгээ авах иргэн Гадаад харилцааны яаманд биечлэн очиж захиалга өгснөөс хойш Апостиль гэрчилгээ ажлын 3 хоногийн дараа /яаралтайгаар захиалах тохиолдолд ажлын 1 хоногийн дараа/ хүлээн авах боломжтой.
Шаардлагатай бичиг баримт
Баримт бичгийн эх хувь
Баримт бичгийг эх хувиас хуулбарлан, баталгаат орчуулгын хамт ЭСЯ-ны Консулын хэлтэст нотариатаар гэрчилдэг тул Та баримт бичгийн эх хувийг заавал авчрах шаардлагатай. Хэрэв баримт бичгийн эх хувь нь Монголд байгаа тохиолдолд итгэмжлэл шаардахгүйгээр холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, баталгаат орчуулга хийлгэж, нотариатаар баталгаажуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газарт Апостиль гэрчилгээ авах хүсэлт гаргах боломжтой.
Баримт бичгийн орчуулга
Төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг төрийн байгууллагаас олгож буй бичиг баримтын орчуулгыг Элчин сайдын яаманд нэмэлт төлбөр төлж хийлгэх боломжтой. Харин дээд, бүрэн дунд боловсролын гэрчилгээний орчуулгыг Элчин сайдын яаманд хийх боломжгүй тул холбогдох хэл дээрх баталгаат орчуулгыг авчрах шаардлагатай.
Лавлагаа, тодорхойлолт
- Дээд боловсролын гэрчилгээ, дипломын апостиль гэрчилгээ авах тохиолдолд: E-mongolia төрийн цахим үйлчилгээний системээс Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломны тодорхойлолт авах. /2011 оноос өмнө олгогдсон дээд боловсролын гэрчилгээний лавлагаа системээс гарахгүй тул e-Mongolia системээр дамжуулан Дээд боловсролын дипломын нөхөн бүртгэл хийлгэх боломжтой./
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний апостиль гэрчилгээ авах тохиолдолд: E-mongolia төрийн цахим үйлчилгээний системээс Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт авах./2019 оноос өмнө олгогдсон бүрэн дунд боловсролын гэрчилгээний тодорхойлолт системээс гарахгүй тул харьяа аймаг, дүүргийн боловсролын газраас боломжтой./
Үйлчилгээний хураамж
| Захиалгын хураамж – 5 ам. доллар /1,750 форинт*/ *Ам.долларын тухайн сарын ханшаас хамааран өөрчлөгдөнө. Бичиг баримтын орчуулга нэмэлт хураамжтай гэдгийг анхаарна уу. Таны нэр заасан хүлээн авагч ГХЯ-ны Консулын газарт очиж илгээсэн баримтыг хүлээн авахдаа Апостиль гэрчилгээний хураамж болох 22.500 төгрөг тушаана. |
Нэмэлт мэдээлэл
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас англи хэлээр гардаг дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн “Е-Mongolia” системээр дамжуулан цахим апостиль гэрчилгээг олгож эхэлсэн. Үүнд:
- 1. Төрсний бүртгэлийн лавлагаа;
- 2. Иргэний үнэмлэхийн лавлагаа;
- 3. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;
- 4. Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;
- 5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;
- 6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
- 7. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;
- 8. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
- 9. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
- 10. Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;
- 11. Жолоочийн лавлагаа, мэдээлэл;
- 12. Дархлаажуулалтын мэдээлэл.
Дээрх 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим апостиль гэрчилгээг олгож эхэлснээр нотариатчаар гэрчлүүлэх болон баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болж байгаа бөгөөд цаашид цахим апостиль гэрчилгээ олгох лавлагаа, тодорхойлолтын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Цахим олгогдсон апостиль гэрчилгээ болон түүний хавсралт лавлагаа, тодорхойлолтыг “https://e-mongolia.mn/check” холбоос болон гэрчилгээ дээрх QR кодыг уншуулан үнэн зөв эсэхийг шалгах боломжтой.