Хүүхдээ төрүүлэх гэж буй эцэг/эхийн анхааралд:
Унгар Улсад төрөх хүүхдэд монгол нэр өгөх тохиолдолд эмнэлгээс нэрийн тодорхойлолт авчрах шаардлага тавьдаг тул хүүхдийг төрөхөөс өмнө нэрний тодорхойлолтыг Элчин сайдын яамнаас цахимаар /mongolemb1@gmail.com/ болон биечлэн авах боломжтой.
Нэрийн тодорхойлолт гаргахад шаардлагатай бичиг баримт, мэдээлэл:
1. Эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспортын хуулбар;
2. Хүүхдийн нэр, хүйс.
3. Тодорхойлолтын хураамж – 5 ам.доллар /1750 форинт*/
*Ам.долларын тухайн сарын ханшаас хамааран өөрчлөгдөнө.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т:
“Эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор* бүртгүүлнэ” гэж заасан.
Иймд Та бүхэн шинээр мэндэлсэн хүүхдийн эрх ашгийн төлөө хуульд заасан 30 хоногийн дотор дараах бичиг баримтыг бүрдүүлж, Элчин сайдын яаманд төрсний бүртгэлээ хийлгэнэ үү.
Мэдүүлгийн маягт
Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг
Эцэг, эхийн өргөдөл
Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээ авсан эцэг, эхээс гаргах өргөдөл
Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээ аваагүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх
Эцэг, эх тус тусын өргөдөл дээр ӨӨРИЙН ГАРААР БӨГЛӨЖ, гарын үсэг зурсан байх шаардлагатай. Нэг бичгийн хэвээр бичсэн тохиолдолд буцаахыг анхаарна уу.
Эцэг, эхийн аль нэг нь гадаад улсын иргэн бол дараах загвараар өөрийн төрөлх хэл дээр өргөдөл гаргах шаардлагатай.
Анхаарах: Гадаад улсын иргэнд УБЕГ-аас бүртгэлийн дугаар авах шаардлагатай тул төрсний бүртгэл хийх цаг авахаас өмнө Элчин сайдын яамтай холбогдохыг хүсье.
Иргэний үнэмлэх
Эцэг, эхийн хүчинтэй Монгол Улсын цахим иргэний үнэмлэх, эсхүл e-Mongolia-гаас авсан Иргэний үнэмлэхийн лавлагаа.
Гадаад паспорт болон хүчингүй иргэний үнэмлэхийг үндэслэн төрөлт бүртгэх боломжгүй гэдгийг анхаарна уу. /Гадаадын иргэн бол паспортын хуулбар эсхүл гадаад паспортыг орлох бусад бичиг баримт/
Эмнэлгийн тодорхойлолт
Хүүхэд төрж, эмнэлгээс гарсан тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа /Zárójelentés/.
Бусад улсын төрсний гэрчилгээг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
Гэрлэлтээ батлуулсан эцэг эхийн өргөдөл бөглөсөн тохиолдолд Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар.Гадаад улсын гэрлэлтийн бүртгэл нь Монгол Улсын гэрлэлтийн бүртгэлд ордоггүй тул тус бүртгэлийг үндэслэн төрөлт бүртгэлийн мэдээлэлд гэрлэлтээ бүртгүүлсэн гэж бүртгэх боломжгүй гэдгийг анхаарна уу.
Бүртгэлийн хураамж
| Төрсний гэрчилгээний хураамж – 10 ам. доллар /3500 форинт*/ *Ам.долларын тухайн сарын ханшаас хамааран өөрчлөгдөнө. |
Төрсний гэрчилгээ ажлын 5 хоногт баталгаажиж, Е-Mongolia цахим системд төрсний бүртгэлийг харах боломжтой болсноор гадаад паспорт захиалах эрх нээгдэнэ.
30 хоногийн хугацаанд бүртгүүлж амжаагүй тохиолдолд:
Монгол эцэг, эхтэй хүүхдийг хуульд заасан 30 хоногоос хойш бүртгэл хийлгэх тохиолдолд тухайн хүүхдийн төрснөөс одоог хүртэлх хугацаанд хийлгэсэн дархлаажуулалтын бүртгэл эсхүл хүүхдийн эсэн мэнд бойжиж буйг баталсан эмчийн бичиг болон гар өргөдөл / хуульд заасан хугацаанд бүртгэл хийлгэж амжаагүй шалтгаан нөхцөлийг тайлбарлаж, нөхөн бүртгэл хийлгэхийг хүссэн / нэмэлтээр гаргана.
Эцэг, эхийн аль нэг нь гадаад улсын иргэн бол гадаад улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг хавсаргана.