Монгол Улсаас Унгар, Серб Улсад суугаа ЭСЯ

МОНГОЛ УЛСААС УНГАР УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН ТУС УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ МОНГОЛ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ АВЧ УУЛЗАВ.

Уулзалтад Zilibal компанийн захирал Т.Цэрэндулам, Global Talk компанийн захирал Ч.Болормаа, One Day In Mongolia компанийн Гүйцэтгэх захирал П.Даваадэмбэрэл, Naran Jobs компанийн захирал Б.Билгүүн, Bolor-Kristal компанийн захирал Ц.Баяртуяа, World Bridge MGL компанийн захирал Ц.Эрхэмбаяр, A-Z Almighty компанийн менежер Э.Хажидмаа нар хүрэлцэн ирэв. Элчин сайдын яамны консул М.Мөнхзаяа, атташе Т.Бүрэнжаргал, аж ахуй нэгж, иргэдтэй харилцах асуудал хариуцсан ажилтан Ц.Зандан нар оролцлоо.

Уулзалтад дараах аж ахуйн нэгжүүд оролцлоо. Үүнд:

• Zilibal компани: Будапешт хотын 4-5 одтой зочид буудлуудын цэвэрлэгээний үйлчилгээ эрхэлдэг бөгөөд одоогоор 43 ажилтантай.

• Global Talk компани: Дьөр хотод зөвлөх үйлчилгээ, аялал жуулчлал, боловсрол, ажиллах хүч зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь 150 гаруй ажилтантай бөгөөд ихэнх хүмүүснь Дьөр хотын Audi автомашины үйлдвэрт ажилладаг. Мөн “Итгэл Бирток” гэр кэмп ажиллуулж, Монгол Улсын соёл, ахуйг Унгар Улсын иргэдэд сурталчлах зорилго тавин ажиллаж байна.

• World Bridge MGL компани болон Bolor-Kristal компани: Барилгын туслах ажил, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус тус 20 гаруй ажилтантай.

• A-Z Almighty компани: Зөвлөх үйлчилгээ, барилгын туслах ажилтан зуучлалын чиглэлээр ажилладаг. Мөн “Mongolian Yurt” рестораныг ажиллуулж, монгол хоолны соёлыг түгээн дэлгэрүүлж, Унгар дахь албан ёсны арга хэмжээнүүдэд кэйтэринг үйлчилгээ үзүүлдэг. Нийт 40 ажилтантай.

• Naran Jobs компани: 120 гаруй ажилтантай бөгөөд барилга, цахилгаан, барилгын цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

• One Day In Mongolia компани: Унгар Улсын Дебрецен хотод бүртгэлтэй бөгөөд 2022 оноос Монгол бараа бүтээгдэхүүнийг Европын стандартад нийцүүлж, тогтвортой экспортлох чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн Европын цаг агаарт тохирсон монгол гэрийг түрээсэлж, борлуулахын зэрэгцээ, гэрийн арчилгаа, үйлчилгээ үзүүлэх “Гэр Сервис” үйлчилгээг эхлүүлээд байна.

Уулзалтын үеэр Монголын уламжлалт баяр наадмыг илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулах, монгол өв соёлыг таниулах, түгээх, Монгол хүмүүсдээ эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл хүргэх, Унгар Улсын хууль, эрх зүйн орчны талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, Монгол бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд нийлүүлэх, Монголчууд олноор суурьсан зарим хотуудад явуулын консулын үйлчилгээг үзүүлэх, Унгар Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн нэгдсэн бүртгэлийг бий болгох, оюунтан залуучууд, хүүхдүүд рүү чиглэсэн ажлуудыг дэмжих зэрэг асуудлаар ярилцаж, хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтын үеэр консул М.Мөнхзаяа Элчин сайдын яамны иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа, консулын үйлчилгээний талаар товч мэдээлэл өгөв.

УНГАР УЛСЫН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭЛДЛЭЭ

May be an image of text

Унгар Улсын Ерөнхийлөгч Тамаш Шуйок “Шандор” ордонд шинээр томилогдсон сайд нарт Батламжийг гардуулж Шинэ Засгийн газрын танхим албан ёсоор бүрэлдэв.

Модьорын Засгийн газар 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 00:00 цагаас эхлэн үүргээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Лхагва гарагын анхны Засгийн газрын хуралдааныг Опустасер /Ópusztaszer/-д 15:00 цагаас зохион байгуулна.

Шинэ Засгийн газарт дараах 16 гишүүн багтав.

Үүнд:

Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Анита Орбан,

Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдын ажлын албаны дарга Балинт Руфф,

Дотоод хэргийн сайд Габор Пошфаи,

Сангийн сайд Андраш Карман,

Эдийн засаг, эрчим хүчний сайд Иштван Капитань,

Хууль зүйн сайд Марта Гөрөг,

Эрүүл мэндийн сайд Жоолт Хeгeдүш,

Батлан хамгаалахын сайд Ромулус Русин-Сенди,

Хүүхэд, боловсролын сайд Юдит Ланнерт,

Нийгэм, гэр бүлийн сайд Вилмуш Котои-Нeмет,

Тээвэр, хөрөнгө оруулалтын сайд Давид Витези,

Нийгмийн харилцаа, соёлын сайд Золтан Тарр,

Хөдөө аж ахуй, хүнсний эдийн засгийн сайд Саболч Бона,

Бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн сайд Виктория Лоринц,

Амьдрах орчин (Байгаль орчин)-ы сайд Ласло Гойдуш,

Шинжлэх ухаан, технологийн сайд Золтан Танач, нар болно.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СЕРБИ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ГУРАВДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Уулзалтаар талууд Монгол, Сербийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын бодит агуулгаар баяжуулах боломж, мөн тээвэр логистик, боловсрол, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ нотоллоо.

Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй бөгөөд энэ хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцсоны зэрэгцээ Серби Улсад 2027 онд зохион байгуулагдах Дэлхийн Тусгай экспод Монгол Улсыг оролцохыг урив.

УНГАР УЛСЫН ШИНЭЭР СОНГОГДСОН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ГИШҮҮД БОЛОН ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ТАНГАРАГ ӨРГӨВ

Унгар Улсын нийслэл Будапешт хотод шинэ Үндэсний Ассамблейн анхдугаар хуралдаан болж өнгөрлөө. Анхдугаар хурлыг Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шуйок нээж, 11:00 цагт шинээр сонгогдсон 199 парламентын гишүүн тангараг өргөв. Үүний дараа 15:00 цагт ТИСА намын дарга Петер Модьор тангараг өргөж Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо.

Энэ удаагийн тангараг өргөх ёслолыг тойрсон онцлог үйл явдлуудаас дурдвал:

• Анхны удаа ёслолын үеэр үндэсний хэмжээний 4 үндэсний сүлд дуулал тоглогдов. (Унгар Улсын Төрийн дуулал, Секеи үндэсний дуулал, Европын Төрийн дуулал (Людвиг ван Бетховен – Баяр хөөрийн дуулал /Ode to joy/) болон Ромa үндэстний дуулал).

• Цөөнхийг төлөөлөл парламентын гишүүд тангаргаа өөрсдийн эх хэл: Ловари болон Беас (Рома хэл), Румын, Хорват хэлээр өргөв.

• Ардчилалд шилжсэнээс хойш анх удаа өмнөх Ерөнхий сайд Виктор Орбан Парламентын тангараг өргөх ёслолд оролцсонгүй.

• ТИСА нам Унгар Улсад ардчилсан сонгууль явагдаж эхэлснээс хойш хамгийн их (141/199) суудал аваад байгаа бөгөөд энэ удаагийн Парламентад 54 эмэгтэй гишүүн сонгогдсон нь мөн адил хамгийн өндөр үзүүлэлт болов.

Шинэ 199 суудалт Үндэсний Ассамблейд “Тиса” нам 141 суудал эзэлсэн бол Виктор Орбаны тэргүүлдэг “Фидес”-КДНП холбоо нийт 52 суудал, “Ми хазанк” (Mиний эх орон) нам 6 суудал аваад байна.

Петер Модьор Үндэсний ассамблейн хуралдаанд хэлсэн үгэндээ “Би энд зогсож байгаа нь өөр хэн нэгнээс ялгарах хүн учраас биш. Хэдэн сая унгарчууд өөрчлөлт хүсэж байгаагаа илэрхийлсний дүнд би энд байна. Бидэнд үзүүлсэн итгэл бол хүндэт дарамт, ёс суртахууны үүрэг” гэж мэдэгдлээ. Мөн тэрээр Унгарыг “захирахаар биш, харин үйлчлэхээр” ирсэн гэдгийг үгэндээ онцлов.

Шинээр томилогдсон Үндэсний ассамблейн дарга Агнеш Фурштхоффер анхны шийдвэрээрээ Европын Холбооны далбааг Парламентын барилгад буцаан мандуулахыг тушаав. Тус далбаа нь 2014 онд Орбаны Засгийн газрын үед буулгаж Секеи далбааг мандуулж байсан юм.

Өнөөдрийн тангараг өргөх ёслол Унгарын түүхэнд шинэ бүлэг нээсэн өдөр болж бүртгэгдлээ. Петер Модьор иргэдийг энэхүү түүхэн мөчийг хамтдаа угтан авахыг уриалсан бөгөөд ёслол эхлэхэд Кошутын талбай аль хэдийн хүмүүсээр дүүрэн байв. Албан бус мэдээллээр өнөөдрийн цуглаанд арав гаруй мянган иргэн оролцсон байна.

Сонгуулийн үр дүнд бий болсон улс төрийн шилжилт энэхүү ёслолоор албан ёсны төгөлдөр байдлаа олж, шинэ Үндэсний Ассамблей болон шинэ Ерөнхий сайд өөрсдийн үүрэгт ажилдаа оров.

Элчин сайд Унгар, Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзав

May be an image of text that says 'HUNGARY m HIA T'

Элчин сайд Н.Энхтайван Унгар, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Иштван Шууш, нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, баримтат кино найруулагч Золтан Фүрэди нарыг хүлээв авч уулзав.

Уулзалтаар Иштван Шууш нийгэмлэгийн түүхэн замнал, үйл ажиллагааны талаар болон гишүүдийг танилцуулав. Мөн тэрээр Монгол улсад ажиллаж амьдарч, суралцаж байсан, Монголын соёл, уламжлал, ард түмэнд элгэмсэг сэтгэлтэй Унгар иргэд олон байдгийг дурдаж, цаашид Элчин сайдын яамтай хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ уламжлав.

Золтан Фүрэди 2024 онд “Сэтгэлд дотно Төв Ази: Унгарчуудын Монголд үлдээсэн жимээр /A legbelsőbb Ázsia: Magyarok nyomában Mongolországban/“ баримтат киног хоёр орны кино театруудад толилуулсан талаар дурдав.

Элчин сайд уг киног Монгол, Унгарын үзэгч олонд амжилттай толилуулсанд талархал илэрхийлж, Монгол улсыг сонирхсон Унгар иргэдэд нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн нийгэмлэгийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэж, нийгэмлэгтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Монгол, Төв Ази судлалын тэнхимийн төлөөлөлтэй уулзав

May be an image of one or more people

Элчин сайд Н.Энхтайван Эөтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Монгол, Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч Бирталан Агнешийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Унгарын болон олон улсын монгол судлалын түүхэн хөгжил, өнөө цагийн байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх чиглэлээр хамтарч ажиллах талаар ярилцав. Тэнхимийн зүгээс ЭСЯ-г үнэн бодит эх сурвалжид суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны ажил, мэдээллээр хангах, салбар салбарын тэргүүний судлаачидтай холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх боломжтойг илэрхийлэв. ЭСЯ-ны зүгээс монгол судлалын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж, Монгол Унгарын эрдэм шинжилгээний байгууллагуудын холбоог өргөжүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Унгар дахь Монгол оюутнуудын холбооны төлөөлөлтэй уулзав

May be an image of text

Н.Энхтайван Элчин сайд Унгар дахь Монгол оюутнуудын холбооны төлөөллийг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзаж үйл ажиллагаа, бүтэцтэй танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Элчин сайдын яамнаас 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Элчин сайд Н.Энхтайван Унгар дахь Монголчуудын холбооны төлөөлөлтэй уулзав

May be an image of one or more people and text

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван Унгар дахь Монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан тус холбооны үйл ажиллагаа, бүтэц болон Унгар Улсад оршин суугаа монгол иргэдэд хэрхэн дэмжлэг үзүүлж ажилдаг талаар танилцлаа. Уулзалтаар Элчин сайдын яамнаас 5 сарын 31-ний өдөр Хүүхдийн баярыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Элчин сайд Н.Энхтайван ГҮЕМ Монгол сургуулийн төлөөлөлтэй уулзав

May be an image of one or more people

Элчин сайд Н.Энхтайван ГҮЕМ Монгол сургуулийн төлөөлөлтэй уулзаж сургуулийн одоогийн үйл ажиллагаа, ололт амжилттай танилцаж, Элчин сайдын яам сургуулийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлж 5 сарын 23-ны өдөр Үсэглэлийн баярыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тогтов.

Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шуйокт Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямцэрэнгийн Энхтайван 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шуйокт Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Н.Энхтайван Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, бүрэн эрхийн хугацаандаа хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” тэтгэлэг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монголын иргэд Унгарын Их, дээд сургуулиудад суралцахад дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв. Түүнчлэн Унгар Улсад оршин суугаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад үргэлжлүүлэн дэмжлэг туслалцаа үзүүлж байхыг хүсэж, Элчин сайдын зүгээс иргэд хоорондын харилцааг улам нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа онцлон дурдав.

Ерөнхийлөгч Томаш Шуйок Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлж, Унгарын ард түмэн эртний түүхэн харилцаат Монголчуудыг анд нөхөд, ахан дүүс хэмээн үздэгийг дурдав. Түүнчлэн хоёр орны улс төрийн харилцаа маш өндөр түвшинд байгаа тухай онцолж, цаашид харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Эцэст нь Элчин сайд Н.Энхтайванд баяр хүргэн, ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.