Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ

Унгар Улсын Тэтгэврийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийв

Элчин сайдын яамны консулын ажилтан М.Мөнхзаяа Унгар Улсын Тэтгэврийн ерөнхий газрын Нийслэлийн тэтгэврийн газрын дарга Др. Сейп Эстэр болон Олон улсын хэрэг хариуцсан хэлтсийн дарга Др. Дьенге Дьөрдь нартай уулзаж, Унгар Улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улс, Унгар Улсын хооронд 2011 онд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар болон хоёр улсын холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар мэдээлэл авав.

2025 оны 4 дүгээр сарын байдлаар Монгол Улсын 3,633 иргэн албан ёсоор Унгар Улсад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд иргэдээс ирсэн санал, хүсэлтийг тус байгууллагын албан тушаалтнуудад уламжилж, тэтгэвэр тогтоолгох нас, процедурын талаар тодорхой мэдээлэл авсныг иргэд Та бүхэнд мэдээлэл, зөвлөмж болгон хүргүүлж байна.

https://www.facebook.com/share/p/1NbcjZXurn/

Иргэд Та бүхэн тэтгэвэр, тэтгэмжийн талаар тодорхой мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол Элчин сайдын яамны конcултай холбогдох, эсхүл цаг товлож уулзах боломжтой.

Элчин сайд Унгар Улсын Гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газар /OIF/-ын удирдлага, төлөөлөлтэй уулзав

Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын Гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газар /OIF/-ын ерөнхий захирал, хошууч генерал Гөмбөш Шандортой танилцах уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон Унгар Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх зүйн статусын тухай мэдээлэл авч, санал солилцов.

Унгар Улсын Засгийн газраас 2026.06.01-ний өдрөөс эхлэн гуравдагч улсаас (Европын Холбооны гишүүн орнуудаас бусад) хөдөлмөрийн гэрээт болон зочин ажилтан авахыг түр хугацаагаар зогсоож, Унгар Улсын “Гуравдагч улсын иргэдийн нэвтрэх болон оршин суухтай холбоотой ерөнхий дүрмийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхлэхээр болсон тухай мэдээлэв.

Энэ хүрээнд иргэдэд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна.

1. “Гуравдагч улсын иргэдийн нэвтрэх болон оршин суухтай холбоотой ерөнхий дүрмийн тухай” хуулийн дагуу Монгол Улсын иргэд 2024.01.01-ний өдрөөс эхлэн Унгар Улсад хөдөлмөрийн гэрээт болон зочин ажилтны виз мэдүүлэх боломжгүй болсон тул шинээр хэрэгжих хязгаарлалт нь Монгол Улсын иргэдэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.

2. Унгар Улсын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд ямар нэгэн өөрчлөлтгүй виз мэдүүлэх, оршин суух эрхээ сунгуулах боломжтой.

3. Унгар Улсад албан ёсоор (зочин ажилтан, хөдөлмөрийн гэрээт, гэр бүл нэгтгэл г.м.) оршин сууж буй иргэд бичиг баримтаа холбогдох журмын дагуу сунгуулах боломжтой.

Бичиг баримт мэдүүлэхдээ хууль, дүрэм журмын дагуу тавьж буй шалгуурыг сайтар хангаж, мэдээллээ үнэн зөв бөглөхөд онцгой анхаарал хандуулах шаардлагатай.

Тухайлбал, бичиг баримт сунгуулах асуудлыг хугацаанаас нь хожимдуулахгүй байх, эсхүл бичиг баримтын бүрдлийг сайтар шалгаж хүлээлгэн өгөх зэрэгт анхаарал хандуулахыг хүсье. Учир нь жижиг ч гэсэн захиргааны, процедурын зөрчил гаргасан гуравдагч орны иргэдийн бичиг баримтыг сунгах боломжгүй болж, шууд нутаг буцаахаас өөр арга байхгүй гэдгийг онцгойлон анхааруулсан болно.

Одоогийн байдлаар “Гуравдагч улсын иргэдийн нэвтрэх болон оршин суухтай холбоотой ерөнхий дүрмийн тухай” хуульд ямар нэмэлт, өөрчлөлт орох нь тодорхойгүй байгаа тул тус Элчин сайдын яамны зүгээс цаашид энэ талаар тухай бүр шинэ мэдээ, мэдээлэл оруулахад онцгой ач холбогдол өгч ажиллах болно.

Өнөөгийн интернет орчинд худал мэдээлэл түгээмэл байгаа учир Та Унгар Улсын Засгийн газрын бодлого, холбогдох хууль, дүрэм журамд орох нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжуудаас авч байхыг зөвлөж байна.

https://kormany.hu/ (Унгар Улсын Засгийн газрын вебсайт)

https://oif.gov.hu/ (Унгар Улсын Гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газрын вебсайт)

Элчин сайд “Mathias Corvinus Collegium”боловсрол, судалгааны хүрээлэнгийн төлөөлөлтэй уулзав

Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын “Mathias Corvinus Collegium” боловсрол, судалгааны хүрээлэнгийн Ази, Унгарын харилцааны төвийн захирал Др. Левенте Хорваттай 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр уулзалт хийв.

Уулзалтаар Элчин сайд Н.Энхтайван Монгол, Унгарын улс төр, боловсрол, соёлын харилцааны өнөөгийн байдлыг танилцуулж, хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, инновацын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Элчин сайд Н.Энхтайван Ази, Унгарын харилцааны төвийг монголын судалгааны байгууллага, их дээд сургуулиудтай харилцаа тогтооход тусалж дэмжихээ илэрхийлэв.

Ази, Унгарын харилцааны төв нь Азийн бүс нутаг дахь улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг судлахын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан унгарчуудад Азийн талаарх бодит мэдээлэл түгээх, судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг боловсрол, судалгааны байгууллага юм.

Элчин сайд Шинжлэх ухааны Академийн Философийн хүрээлэнгийн тэнхимийн төлөөлөлтэй уулзав

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Унгар Улсын Шинжлэх ухааны Академи хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй “Монгол, Унгарын нийгмийн өөрчлөлт” сэдэвт судалгааны ажлын дүнг хэлэлцэх арга хэмжээ Будапешт хотноо зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Элчин сайд Н.Энхтайван Шинжлэх ухааны Академийн Философийн хүрээлэнгийн тэнхимийн эрхлэгч Д.Чулуунгэрэл, судлаач Ж.Бямбасүрэн, В.Удвал нартай уулзалт хийж, хоёр орны шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын харилцаанд чухал байр суурь эзлэж байгааг тэмдэллээд, цаашид улам идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Унгарын Үндэсний Музейд нээлтээ хийсэн Аттила хааны үзэсгэлэнтэй танилцав

Элчин сайд Н.Энхтайван Унгарын Үндэсний Музейд нээлтээ хийсэн Аттила хааны үзэсгэлэнтэй танилцаж, тус музейн захирал Жигмонд Габортой уулзав. Уулзалтаар хоёр орны музейн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа тус үзэсгэлэнг Монгол Улсад толилуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров. Унгарын Үндэсний Музей нь 1802 онд үүсгэн байгуулагдсан Унгарын анхны бөгөөд хамгийн том музей юм. Аттила хааны үзэсгэлэн нь 2026 оны 1 дүгээр сарын 22-нд нээгдсэн бөгөөд сүүлийн 40 жилд Европт зохион байгуулагдсан хүннүгийн сэдэвт хамгийн том үзэсгэлэн юм. Британийн музей, Лувр, Абу Даби, Бакугийн Үндэсний Музей зэрэг байгууллагуудын 400 гаруй үзмэрийг цуглуулан толилуулж байна. Хоёр орны музейн хамтын ажиллагаа урт хугацааны уламжлалтай бөгөөд 2007 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” сэдэвт, 2008 онд “Монголын байлдан дагуулалт”-ын тухай үзэсгэлэнг тус тус Унгарын Үндэсний Музейд гаргаж байсан юм.

МОНГОЛ УЛСААС УНГАР УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН ТУС УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ МОНГОЛ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ АВЧ УУЛЗАВ.

Уулзалтад Zilibal компанийн захирал Т.Цэрэндулам, Global Talk компанийн захирал Ч.Болормаа, One Day In Mongolia компанийн Гүйцэтгэх захирал П.Даваадэмбэрэл, Naran Jobs компанийн захирал Б.Билгүүн, Bolor-Kristal компанийн захирал Ц.Баяртуяа, World Bridge MGL компанийн захирал Ц.Эрхэмбаяр, A-Z Almighty компанийн менежер Э.Хажидмаа нар хүрэлцэн ирэв. Элчин сайдын яамны консул М.Мөнхзаяа, атташе Т.Бүрэнжаргал, аж ахуй нэгж, иргэдтэй харилцах асуудал хариуцсан ажилтан Ц.Зандан нар оролцлоо.

Уулзалтад дараах аж ахуйн нэгжүүд оролцлоо. Үүнд:

• Zilibal компани: Будапешт хотын 4-5 одтой зочид буудлуудын цэвэрлэгээний үйлчилгээ эрхэлдэг бөгөөд одоогоор 43 ажилтантай.

• Global Talk компани: Дьөр хотод зөвлөх үйлчилгээ, аялал жуулчлал, боловсрол, ажиллах хүч зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь 150 гаруй ажилтантай бөгөөд ихэнх хүмүүснь Дьөр хотын Audi автомашины үйлдвэрт ажилладаг. Мөн “Итгэл Бирток” гэр кэмп ажиллуулж, Монгол Улсын соёл, ахуйг Унгар Улсын иргэдэд сурталчлах зорилго тавин ажиллаж байна.

• World Bridge MGL компани болон Bolor-Kristal компани: Барилгын туслах ажил, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус тус 20 гаруй ажилтантай.

• A-Z Almighty компани: Зөвлөх үйлчилгээ, барилгын туслах ажилтан зуучлалын чиглэлээр ажилладаг. Мөн “Mongolian Yurt” рестораныг ажиллуулж, монгол хоолны соёлыг түгээн дэлгэрүүлж, Унгар дахь албан ёсны арга хэмжээнүүдэд кэйтэринг үйлчилгээ үзүүлдэг. Нийт 40 ажилтантай.

• Naran Jobs компани: 120 гаруй ажилтантай бөгөөд барилга, цахилгаан, барилгын цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

• One Day In Mongolia компани: Унгар Улсын Дебрецен хотод бүртгэлтэй бөгөөд 2022 оноос Монгол бараа бүтээгдэхүүнийг Европын стандартад нийцүүлж, тогтвортой экспортлох чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн Европын цаг агаарт тохирсон монгол гэрийг түрээсэлж, борлуулахын зэрэгцээ, гэрийн арчилгаа, үйлчилгээ үзүүлэх “Гэр Сервис” үйлчилгээг эхлүүлээд байна.

Уулзалтын үеэр Монголын уламжлалт баяр наадмыг илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулах, монгол өв соёлыг таниулах, түгээх, Монгол хүмүүсдээ эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл хүргэх, Унгар Улсын хууль, эрх зүйн орчны талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, Монгол бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд нийлүүлэх, Монголчууд олноор суурьсан зарим хотуудад явуулын консулын үйлчилгээг үзүүлэх, Унгар Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн нэгдсэн бүртгэлийг бий болгох, оюунтан залуучууд, хүүхдүүд рүү чиглэсэн ажлуудыг дэмжих зэрэг асуудлаар ярилцаж, хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтын үеэр консул М.Мөнхзаяа Элчин сайдын яамны иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа, консулын үйлчилгээний талаар товч мэдээлэл өгөв.

УНГАР УЛСЫН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭЛДЛЭЭ

Унгар Улсын Ерөнхийлөгч Тамаш Шуйок “Шандор” ордонд шинээр томилогдсон сайд нарт Батламжийг гардуулж Шинэ Засгийн газрын танхим албан ёсоор бүрэлдэв.

Модьорын Засгийн газар 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 00:00 цагаас эхлэн үүргээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Лхагва гарагын анхны Засгийн газрын хуралдааныг Опустасер /Ópusztaszer/-д 15:00 цагаас зохион байгуулна.

Шинэ Засгийн газарт дараах 16 гишүүн багтав.

Үүнд:

Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Анита Орбан,

Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдын ажлын албаны дарга Балинт Руфф,

Дотоод хэргийн сайд Габор Пошфаи,

Сангийн сайд Андраш Карман,

Эдийн засаг, эрчим хүчний сайд Иштван Капитань,

Хууль зүйн сайд Марта Гөрөг,

Эрүүл мэндийн сайд Жоолт Хeгeдүш,

Батлан хамгаалахын сайд Ромулус Русин-Сенди,

Хүүхэд, боловсролын сайд Юдит Ланнерт,

Нийгэм, гэр бүлийн сайд Вилмуш Котои-Нeмет,

Тээвэр, хөрөнгө оруулалтын сайд Давид Витези,

Нийгмийн харилцаа, соёлын сайд Золтан Тарр,

Хөдөө аж ахуй, хүнсний эдийн засгийн сайд Саболч Бона,

Бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн сайд Виктория Лоринц,

Амьдрах орчин (Байгаль орчин)-ы сайд Ласло Гойдуш,

Шинжлэх ухаан, технологийн сайд Золтан Танач, нар болно.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СЕРБИ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ГУРАВДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Уулзалтаар талууд Монгол, Сербийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын бодит агуулгаар баяжуулах боломж, мөн тээвэр логистик, боловсрол, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ нотоллоо.

Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй бөгөөд энэ хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцсоны зэрэгцээ Серби Улсад 2027 онд зохион байгуулагдах Дэлхийн Тусгай экспод Монгол Улсыг оролцохыг урив.

УНГАР УЛСЫН ШИНЭЭР СОНГОГДСОН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ГИШҮҮД БОЛОН ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ТАНГАРАГ ӨРГӨВ

Унгар Улсын нийслэл Будапешт хотод шинэ Үндэсний Ассамблейн анхдугаар хуралдаан болж өнгөрлөө. Анхдугаар хурлыг Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шуйок нээж, 11:00 цагт шинээр сонгогдсон 199 парламентын гишүүн тангараг өргөв. Үүний дараа 15:00 цагт ТИСА намын дарга Петер Модьор тангараг өргөж Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо.

Энэ удаагийн тангараг өргөх ёслолыг тойрсон онцлог үйл явдлуудаас дурдвал:

• Анхны удаа ёслолын үеэр үндэсний хэмжээний 4 үндэсний сүлд дуулал тоглогдов. (Унгар Улсын Төрийн дуулал, Секеи үндэсний дуулал, Европын Төрийн дуулал (Людвиг ван Бетховен – Баяр хөөрийн дуулал /Ode to joy/) болон Ромa үндэстний дуулал).

• Цөөнхийг төлөөлөл парламентын гишүүд тангаргаа өөрсдийн эх хэл: Ловари болон Беас (Рома хэл), Румын, Хорват хэлээр өргөв.

• Ардчилалд шилжсэнээс хойш анх удаа өмнөх Ерөнхий сайд Виктор Орбан Парламентын тангараг өргөх ёслолд оролцсонгүй.

• ТИСА нам Унгар Улсад ардчилсан сонгууль явагдаж эхэлснээс хойш хамгийн их (141/199) суудал аваад байгаа бөгөөд энэ удаагийн Парламентад 54 эмэгтэй гишүүн сонгогдсон нь мөн адил хамгийн өндөр үзүүлэлт болов.

Шинэ 199 суудалт Үндэсний Ассамблейд “Тиса” нам 141 суудал эзэлсэн бол Виктор Орбаны тэргүүлдэг “Фидес”-КДНП холбоо нийт 52 суудал, “Ми хазанк” (Mиний эх орон) нам 6 суудал аваад байна.

Петер Модьор Үндэсний ассамблейн хуралдаанд хэлсэн үгэндээ “Би энд зогсож байгаа нь өөр хэн нэгнээс ялгарах хүн учраас биш. Хэдэн сая унгарчууд өөрчлөлт хүсэж байгаагаа илэрхийлсний дүнд би энд байна. Бидэнд үзүүлсэн итгэл бол хүндэт дарамт, ёс суртахууны үүрэг” гэж мэдэгдлээ. Мөн тэрээр Унгарыг “захирахаар биш, харин үйлчлэхээр” ирсэн гэдгийг үгэндээ онцлов.

Шинээр томилогдсон Үндэсний ассамблейн дарга Агнеш Фурштхоффер анхны шийдвэрээрээ Европын Холбооны далбааг Парламентын барилгад буцаан мандуулахыг тушаав. Тус далбаа нь 2014 онд Орбаны Засгийн газрын үед буулгаж Секеи далбааг мандуулж байсан юм.

Өнөөдрийн тангараг өргөх ёслол Унгарын түүхэнд шинэ бүлэг нээсэн өдөр болж бүртгэгдлээ. Петер Модьор иргэдийг энэхүү түүхэн мөчийг хамтдаа угтан авахыг уриалсан бөгөөд ёслол эхлэхэд Кошутын талбай аль хэдийн хүмүүсээр дүүрэн байв. Албан бус мэдээллээр өнөөдрийн цуглаанд арав гаруй мянган иргэн оролцсон байна.

Сонгуулийн үр дүнд бий болсон улс төрийн шилжилт энэхүү ёслолоор албан ёсны төгөлдөр байдлаа олж, шинэ Үндэсний Ассамблей болон шинэ Ерөнхий сайд өөрсдийн үүрэгт ажилдаа оров.

Элчин сайд Унгар, Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзав

Элчин сайд Н.Энхтайван Унгар, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Иштван Шууш, нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, баримтат кино найруулагч Золтан Фүрэди нарыг хүлээв авч уулзав.

Уулзалтаар Иштван Шууш нийгэмлэгийн түүхэн замнал, үйл ажиллагааны талаар болон гишүүдийг танилцуулав. Мөн тэрээр Монгол улсад ажиллаж амьдарч, суралцаж байсан, Монголын соёл, уламжлал, ард түмэнд элгэмсэг сэтгэлтэй Унгар иргэд олон байдгийг дурдаж, цаашид Элчин сайдын яамтай хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ уламжлав.

Золтан Фүрэди 2024 онд “Сэтгэлд дотно Төв Ази: Унгарчуудын Монголд үлдээсэн жимээр /A legbelsőbb Ázsia: Magyarok nyomában Mongolországban/“ баримтат киног хоёр орны кино театруудад толилуулсан талаар дурдав.

Элчин сайд уг киног Монгол, Унгарын үзэгч олонд амжилттай толилуулсанд талархал илэрхийлж, Монгол улсыг сонирхсон Унгар иргэдэд нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн нийгэмлэгийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэж, нийгэмлэгтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.