
Монгол Улсаас Унгарт суугаа Элчин сайдын яам, Эөтвөш Лорандын Их Сургуулийн (ELTE) Монгол, Төв Ази судлалын тэнхимтэй хамтран олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Будапешт хотноо амжилттай зохион байгууллаа.
Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд Монгол, Унгар, Солонгос, Турк, Хятад, Герман, Их Британи, Малайз, Канад, Польш зэрэг 10 орны тэргүүлэх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаас 40 гаруй судлаач хуран цуглаж, илтгэл хэлэлцүүлж байна.

Хурлыг Унгарын Монгол судлалын нэрт судлаач, профессор Кёхалми Каталины багшийн алдарыг тэмдэглэх хүрээнд түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулж зохион байгуулж байгаа нь онцлог юм.
Хурлын нээлтэд Элчин сайд Н.Энхтайван оролцож, үг хэлэхдээ хоёр орны монгол судлалын чиглэлээрх хамтын ажиллагаа, олон жилийн харилцааг онцлон тэмдэглэж, цаашид архив, гар бичмэлийн сан хөмрөгийг тоон хэлбэрт оруулах, харьцуулан судлах, хамтран хэвлэн нийтлэх зэрэг чиглэлээр Монгол, Унгарын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой болохыг дурдав. Мөн 2026 оны 8 дугаар сарын 10–14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Олон улсын Монголч эрдэмтдийн XIII их хурлын талаар мэдээлж, хуралд цугласан эрдэмтэн судлаачдыг идэвхтэй оролцохыг урив.