Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын Захирал Бранко Радовановичид 2026 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгийн хувиа гардууллаа.
Author: mungunsuvd
МОНГОЛЫН ЖУДОГИЙН ТАМИРЧИДЫГ УГТАЖ АВАВ
Элчин сайдын яамнаас Унгарын их дуулга тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчидыг угтаж авав.
Тус тэмцээн 2026 оны 9 дүгээр сарын 11-13-ний өдрүүдэд Будапешт хотноо зохион байгуулагдах бөгөөд 68 орны 511 тамирчин оролцож байна. Монгол Улсаас 8 жингийн төрөлд барилдахаар эрэгтэй 5, эмэгтэй 4 тамирчин бүртгүүлжээ.
Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа тамирчиддаа тэмцээнд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН УНГАР УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ОРОС, ТӨВ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ЕНӨ КУДРЯВЦЕВТАЙ УУЛЗЛАА
Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын Гадаад харилцааны яамны Орос, Төв Азийн газрын захирал Енө Кудрявцевтай 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол, Унгарын харилцааны түвшин, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, энэ онд зохион байгуулах айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов. Энэ хүрээнд парламент хоорондын харилцааг өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов.
Элчин сайд Н.Энхтайван хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Унгарын талаас Монгол, Унгарын харилцааг өргөжүүлэх чиглэлээр Элчин сайдын яамыг бүхий л талаар дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.
ДЕБРЕЦЕН ХОТОД ИРГЭД, ОЮУТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙСЭН ТУХАЙ
2026 оны 8 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван Элчин сайдын яамны албан хаагчдын хамт Дебрецен хотод томилолтоор ажиллаж, тус хотод оршин суугаa монгол иргэд, оюутан, залуустай уулзалт хийж, явуулын консулын үйлчилгээ үзүүлэв.

Томилолтын үеэр “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Унгар Улсын Дебрецений их сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцахаар ирсэн 45 гаруй оюутныг Монгол оюутны холбоотой хамтран угтан авч, Дебрецен хот руу хүргэж өгөх ажлыг зохион байгуулав.
Элчин сайд Н.Энхтайван 8 дугаар сарын 29-ний өдөр оюутнуудтай уулзаж, анх удаа оюутан болж байгаа залуустаа Монгол Улс, Унгар Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл өгч, тус улсад оршин суух хугацаандаа бичиг баримтын зөрчилгүй байх, холбогдох хууль тогтоомжийг мөрдөх, аюулгүй байдлаа хэрхэн хангах зэрэг анхаарах асуудлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ цаашдын сурлагад нь амжилт хүсэв.

Түүнчлэн Элчин сайдын яамны албан хаагчид иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, нээлттэй ярилцав.
Энэхүү уулзалт, арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн “One Day in Mongolia” компанийн Европ дахь гүйцэтгэх захирал П.Даваадэмбэрэлд гүн талархал илэрхийлье.
ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН ДЕБРЕЦЕН ХОТЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ЛАЯОШ БАРЧАТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Унгар Улсын Дебрецен хотын Засаг даргын орлогч доктор Лаяош Барчатай албан уулзалт хийв.

Уулзалтын хүрээнд талууд соёл, боловсрол болон бусад салбарт харилцан ашигтай тодорхой төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцож, цаашид Дебрецен хот болон Монголын аль нэг хотын хооронд ах, дүү хотын харилцаа тогтоох боломжийг судлан ажиллахаар тохиролцов. Түүнчлэн Дебрецен хотын Хот, Эдийн засгийн хөгжлийн төв (EDC Debrecen) ашгийн бус байгууллагын оролцоотойгоор Монгол болон Дебрецен хотын аж ахуйн нэгжүүдийн хооронд харилцаа тогтоож, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой талаар мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар Дебрецен хотод Монгол Улсын 500 орчим иргэд амьдарч байгаагийн 140 орчим нь Дебрецений Их сургуульд суралцаж буй оюутнууд байгаа аж.

Унгарын зүүн хэсэгт орших Дебрецен /Debrecen/ нь Будапештийн дараа ордог тус улсын хоёр дахь том хот бөгөөд Хоёду-Бихар мужийн төв юм. Румын улсын хилээс холгүй оршдог, Унгарын зүүн хойд болон зүүн бүс нутгийг холбосон эдийн засаг, боловсрол, соёлын чухал төвд тооцогддог. Хот нь ойролцоогоор 461 км² газар нутагтай, 200 мянга гаруй хүн амтай аж. Сүүлийн жилүүдэд олон улсын томоохон компаниудын хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ үйлдвэр, ажлын байр бий болсноор Дебрецен хотын эдийн засаг эрчимтэй хөгжиж, Унгарын зүүн бүсийн аж үйлдвэрийн төвүүдийн нэг болсон. Автомашин үйлдвэрлэл (BMW Group), электроник, эм үйлдвэрлэл, мэдээллийн технологи, логистик болон өндөр технологийн салбарууд хотын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг байна.
Уулзалтын төгсгөлд Дебрецен хотод жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдөр хотын иргэд төдийгүй жуулчид ихээр хүрэлцэн ирж үздэг Унгарын хамгийн том соёлын арга хэмжээнүүдийн нэг болох Цэцэгт багт наадам (Virágkarnevál) болдог талаар Засаг даргын орлогч Лаяош Барча сонирхуулж, дараа жилийн уг арга хэмжээнд Монголын язгуур урлагийн хамтлаг, уран бүтээлчдийг оролцохыг урив.
ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН ДЕБРЕЦЕНИЙ ИХ СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ДЕКАН АНДРАШ ХАЙДУТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Н.Энхтайван 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Дебрецен хотод ажиллах үеэрээ Дебрецений Их сургуулийн Мэдээлэл, технологийн сургуульд зочилж Декан доктор Андраш Хайдутай уулзлаа.

Дебрецений Их сургуульд одоогийн байдлаар нийт 30 мянга орчим оюутан суралцаж байгаагийн 7 мянга орчим нь 140 гаруй улсаас ирсэн гадаад оюутан байгаа бөгөөд үүний 140 орчим нь монгол оюутан, залуус байгаа аж. “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2019-2025 оны хооронд нийт 186 монгол оюутан Дебрецений Их сургуульд элсэн орсон байдаг.

Уулзалтын үеэр Декан Андраш Хайду сургуулийн бүтэц, сургалтын үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, бакалавр, магистр, докторын болон мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийн талаар танилцуулав. Мөн сургуулийн тэргүүлэх чиглэлүүд болох Өгөгдлийн шинжлэх ухаан (data science), хиймэл оюун ухаан, болон тээвэр, эрүүл мэндийн салбарын информатикийн судалгааны ажлын талаар мэдээлэл өгөв. Талууд Монгол Улсын аль нэгэн их сургуультай хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар мөн санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Н.Энхтайван сургуулийн удирдлагад хандаж цаашид Монгол оюутнуудад олгогдох тэтгэлэг, элсэлтийн квотыг нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүссэнээр уулзалт өндөрлөв.
ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН УНГАРЫН НАДУДВАР ХОТЫН ГАР УРЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАВ
Элчин сайд Н.Энхтайван 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Унгарын Надудвар /Nádudvar/ хотод ажиллах үеэрээ уламжлалт гар урлалын чиглэлээр сургалт явуулдаг Надудварын Гар урлалын мэргэжлийн сургуультай танилцав. Сургуулийн дэд захирал Нандор Надь, холбогдох урлангийн багш нар сургалтын үйл ажиллагаа, мэргэжлийн хөтөлбөр болон сургуулийн онцлогийн талаар танилцууллаа.

Тус сургууль нь Унгарын ардын уламжлалт гар урлалын мэдлэг, ур чадварыг залуу үед өвлүүлэн, хөгжүүлэх зорилгоор 1992 онд байгуулагдсан бөгөөд 8 дугаар анги төгссөн сурагчдыг 3 жилийн, харин бүрэн дунд боловсрол эзэмшсэн 25 хүртэлх насны иргэдийг 2 жилийн мэргэжлийн сургалтад хамруулдаг аж. Сургуульд модон урлал, эсгий урлал, арьсан урлал, керамик урлал, хивс, хатгамал зэрэг олон төрлийн гар урлалыг зааж, Унгарын уламжлалт гар урлалын арга техникийг эзэмшүүлэхийн зэрэгцээ эдгээр ур чадварыг орчин үеийн хэрэглээ, хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлтэй уялдуулан хөгжүүлэхэд анхаардаг цөөн сургалтын байгууллагын нэг юм.

Уулзалтын үеэр талууд уламжлалт гар урлалын өв, арга техникийн адил төстэй байдлын талаар болон цаашид Монгол, Унгарын гар урлалын багш, урлаачдын хооронд туршлага солилцох, сургалт зохион байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

ДЕБРЕЦЕН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Өнөөдөр буюу 8 дугаар сарын 29-ний өдрийн 09-17 цагийн хооронд консулын ажилтан доорх хаягаар иргэд Та бүхэнд КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлж байна.

Хаяг: 4028 Debrecen, Kassai út 141 (One Day In Mongolia Kft Showroom, TITEM Men’s Collection үйлдвэрийн байр)
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ 33 ОЮУТАН ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Унгар Улсын Дебреценийн их сургуульд суралцахаар ирсэн эхний ээлжийн 33 оюутныг Унгар дахь Монгол оюутны холбоотой хамтран угтан авч, сургуульд нь хүргэж өгөх ажлыг зохион байгуулж байна.
УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АНДРАШ БАКА 2026 ОНЫ 8 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДӨР БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс Унгар Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Андраш Бака-гийн тухай:
Төрсөн өдөр: 1952 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Төрсөн газар: Будапешт хот
Боловсрол: Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Хууль зүй, улс төр судлалын сургуульд суралцаж, Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан, 1978.
Ажилласан байдал:
1978-1990 онд Улс төр, хууль зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
1990-1998 онд Төрийн захиргааны дээд сургуулийн захирлаар ажилласан,
1991-2008 онд Страсбург дахь Европын Хүний эрхийн шүүхийн шүүгчээр ажилласан,
2009-2011 онд Унгар Улсын Дээд шүүхийн /хуучин нэрээр “Legfelsőbb Bíróság”/ Ерөнхий шүүгч,
2012-2020 онд Унгар Улсын Дээд шүүхийн /бүтцийн өөрчлөлт орж “Kúria” нэртэй болсон/ ахлах шүүгчээр ажилласан,
2026 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Унгар Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон, тангараг өргөсөн.