
Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ “Гүем” сургуультай хамтран Үсэглэлийн баяр болон хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү ёслолын арга хэмжээнд “Гүем” сургуулийн нийт 24 хүүхэд, түүний дотор Мур хотын салбарын 11 хүүхэд оролцлоо. Эх орноосоо алслагдан Унгар Улсад амьдарч буй монгол хүүхдүүд эх хэл, бичиг үсгээ эзэмшин, монгол соёл, өв уламжлалаа таниж мэдэх боломжийг “Гүем”сургууль бүрдүүлэн ажиллаж байгаа нь үнэхээр үнэтэй үйлс болж байна.

Арга хэмжээнд Элчин сайд Н.Энхтайван оролцож, хүүхдүүдэд урмын үг хэлэв. Элчин сайд “Гүем”сургуулийг үүсгэн байгуулагч Б.Энэрэл багш болон хамт олонд талархал илэрхийлж, цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Унгар Улсад амьдарч буй монгол хүүхдүүдийн эх хэл, үндэсний соёлоо хадгалан хөгжүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Ялангуяа уг сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, дэмжлэг маш чухал болохыг онцлов.
Үйл ажиллагааны төгсгөлд Элчин сайд Н.Энхтайван хичээлийн жилийг амжилттай дүүргэсэн хүүхдүүдэд батламж гардуулав.