Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ

ЭЛЧИН САЙД “DAILY NEWS HUNGARY”-ГИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Нийтэлсэн 05/08/2026

Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын чөлөөт хэвлэл, мэдээллийн хамгийн том агентлаг “Daily News Hungary”-гийн үүсгэн байгуулагч, Ерөнхий редактор, “DNH Media Group” компанийн Гүйцэтгэх захирал Алпар Катотой 2026 оны 8 дугаар сарын 4-ний өдөр уулзалт хийв.

Уулзалтаар талууд түүх, соёлоор холбогдсон Унгар, Монголын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орныг харилцан сурталчлан таниулах талаар санал солилцов.

Цаашид Унгар Улс төдийгүй дэлхийд алдартай “Daily News Hungary” платформоор дамжуулан Унгар Улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудад суугаа орны мэдээ, мэдээллийг төрөлх монгол хэл дээр хүргэх боломжийг судалж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

“Daily News Hungary” нь 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Унгарын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, бизнесийн орчны талаар англи хэл дээр мэдээлэл бэлтгэн хүргэдэг Унгарын чөлөөт хэвлэлийн хамгийн том агентлаг болно.