
Элчин сайд Н.Энхтайван Унгарын түүхч, дорно дахин судлаач, зохиолч Михай Бэнкөг хүлээн авч уулзав. Михай Бэнкө нь 1979 оноос Унгарын Үндэсний музейн Археологийн хүрээлэнд ажиллаж, олон арван ном, судалгааны бүтээлүүд гаргасан нэртэй эрдэмтэн хүн ажээ.
Тэрээр 1988-2006 оны хооронд Төв Ази, тэр дундаа Монгол, Казахстан улсуудад нийт 18 удаагийн судалгааны экспедиц зохион байгуулан ажиллаж, унгарчуудын угсаа гарал, нүүдэлчин соёл, бичгийн болон ардын аман уламжлалыг судалсан аж. Мөн түүхийн сэдэвт роман туурвиж, Азид авсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргадаг талаараа сонирхуулав.
Уулзалтын үеэр Михай Бэнкө өөрийн туурвисан “Төв Азийн нүүдэлчин амьдрал”, “Жулиан ламын мөрөөр хийсэн аялал”, “Унгарын Кипчакууд”, “Ази дахь өвөг дээдсийнхээ мөрөөр”, “Чингис хааны төрсөн нутагт” зэрэг номнуудаа ЭСЯ-нд дурсган гардуулав.
Цаашид судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийхэд нь туслаж дэмжиж ажиллахаа Элчин сайд Н.Энхтайван илэрхийлэв.