Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ

Мэдээ

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН СЕРБИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суугаа Элчин сайд Н.Энхтайван Сербийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн зөвлөх Радман Шелмичтэй 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд Н.Энхтайван Монгол Улсын эдийн засгийн нөхцөл, худалдаа, хөрөнгө оруулалтын нөөц бололцооны талаар танилцуулав. Түүнчлэн Монгол, Сербийн эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, цаашид хоёр талд харилцан ашигтай салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.

Талууд эдийн засгийн уламжлалт салбаруудаас гадна цахим шилжилт, мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлэв. 

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН СЕРБИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Элчин сайд Н.Энхтайван Сербийн Гадаад харилцааны яамны Ази, Австрали, Номхон далайн орнуудын газрын Захирал Елена Маркович-Крстичтэй 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Н.Энхтайван уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд хоёр улсын харилцан ойлголцол энэ хугацаанд тогтмол өргөжин бэхжиж ирснийг онцлов.

Уулзалтаар талууд хоёр талын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Элчин сайд Н.Энхтайван ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг улам өргөжүүлж, шинэ түвшинд гаргах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдэв.

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН СЕРБИЙН АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суугаа Элчин сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Серби Сербийн Улсын Аялал жуулчлал, залуучуудын яамны Олон талт хамтын ажиллагааны группийн захирал Ивана Вельковичтой 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр уулзав.

Уулзалтаар Элчин сайд Н.Энхтайван Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, Монгол, Сербийн аялал жуулчлалын хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, оюутан, залуучуудын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.

Талууд мөн шууд нислэг үйлдэх, визнийн нөхцөлийг хөнгөвчлөх боломжийг судалж, хамтын ажиллагааг бэхжүүлэхээ илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Серби Улсын нийслэл Белград хотноо 2027 онд зохион байгуулах “Белград экспо 2027”-д Монголын төлөөлөгчдийг оролцуулахад сербийн талаас бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажилахаар тохиролцлоо.

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН СЕРБИ УЛСАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Александар Вучичд Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун мэндчилгээг уламжилж, Монгол, Сербийн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг тэмдэглэн, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол зэрэг бүх салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Александар Вучич Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг талархан хүлээн авч буйгаа мэдэгдэж, үүрэгт ажилдаа орж буй Элчин сайд Н. Энхтайванд баяр хүргэж, түүний дэвшүүлсэн санаачлагыг сайшаан үнэлж буйгаа тэмдэглэв. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө талууд нягт уялдаа холбоотой ажиллахын чухлыг онцолж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ СЕРБИ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД Н:ЭНХТАЙВАН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИА ГАРДУУЛЛАА

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын Захирал Бранко Радовановичид 2026 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгийн хувиа гардууллаа.

МОНГОЛЫН ЖУДОГИЙН ТАМИРЧИДЫГ УГТАЖ АВАВ

Элчин сайдын яамнаас Унгарын их дуулга тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчидыг угтаж авав.

Тус тэмцээн 2026 оны 9 дүгээр сарын 11-13-ний өдрүүдэд Будапешт хотноо зохион байгуулагдах бөгөөд 68 орны 511 тамирчин оролцож байна. Монгол Улсаас 8 жингийн төрөлд барилдахаар эрэгтэй 5, эмэгтэй 4 тамирчин бүртгүүлжээ.  

Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа тамирчиддаа тэмцээнд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН УНГАР УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ОРОС, ТӨВ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ЕНӨ КУДРЯВЦЕВТАЙ УУЛЗЛАА

          Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын Гадаад харилцааны яамны Орос, Төв Азийн газрын захирал Енө Кудрявцевтай 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр уулзлаа.

          Уулзалтаар талууд Монгол, Унгарын харилцааны түвшин, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, энэ онд зохион байгуулах айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов. Энэ хүрээнд парламент хоорондын харилцааг өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов.

          Элчин сайд Н.Энхтайван хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

          Унгарын талаас Монгол, Унгарын харилцааг өргөжүүлэх чиглэлээр Элчин сайдын яамыг бүхий л талаар дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

ДЕБРЕЦЕН ХОТОД ИРГЭД, ОЮУТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙСЭН ТУХАЙ

2026 оны 8 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван Элчин сайдын яамны албан хаагчдын хамт Дебрецен хотод томилолтоор ажиллаж, тус хотод оршин суугаa монгол иргэд, оюутан, залуустай уулзалт хийж, явуулын консулын үйлчилгээ үзүүлэв.

Томилолтын үеэр “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Унгар Улсын Дебрецений их сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцахаар ирсэн 45 гаруй оюутныг Монгол оюутны холбоотой хамтран угтан авч, Дебрецен хот руу хүргэж өгөх ажлыг зохион байгуулав.

Элчин сайд Н.Энхтайван 8 дугаар сарын 29-ний өдөр оюутнуудтай уулзаж, анх удаа оюутан болж байгаа залуустаа Монгол Улс, Унгар Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл өгч, тус улсад оршин суух хугацаандаа бичиг баримтын зөрчилгүй байх, холбогдох хууль тогтоомжийг мөрдөх, аюулгүй байдлаа хэрхэн хангах зэрэг анхаарах асуудлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ цаашдын сурлагад нь амжилт хүсэв.

Түүнчлэн Элчин сайдын яамны албан хаагчид иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, нээлттэй ярилцав.

Энэхүү уулзалт, арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн “One Day in Mongolia” компанийн Европ дахь гүйцэтгэх захирал П.Даваадэмбэрэлд гүн талархал илэрхийлье.

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН ДЕБРЕЦЕН ХОТЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ЛАЯОШ БАРЧАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Унгар Улсын Дебрецен хотын Засаг даргын орлогч доктор Лаяош Барчатай албан уулзалт хийв.

Уулзалтын хүрээнд талууд соёл, боловсрол болон бусад салбарт харилцан ашигтай тодорхой төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцож, цаашид Дебрецен хот болон Монголын аль нэг хотын хооронд ах, дүү хотын харилцаа тогтоох боломжийг судлан ажиллахаар тохиролцов. Түүнчлэн Дебрецен хотын Хот, Эдийн засгийн хөгжлийн төв (EDC Debrecen) ашгийн бус байгууллагын оролцоотойгоор Монгол болон Дебрецен хотын аж ахуйн нэгжүүдийн хооронд харилцаа тогтоож, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой талаар мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар Дебрецен хотод Монгол Улсын 500 орчим иргэд амьдарч байгаагийн 140 орчим нь Дебрецений Их сургуульд суралцаж буй оюутнууд байгаа аж.

Унгарын зүүн хэсэгт орших Дебрецен /Debrecen/ нь Будапештийн дараа ордог тус улсын хоёр дахь том хот бөгөөд Хоёду-Бихар мужийн төв юм. Румын улсын хилээс холгүй оршдог, Унгарын зүүн хойд болон зүүн бүс нутгийг холбосон эдийн засаг, боловсрол, соёлын чухал төвд тооцогддог. Хот нь ойролцоогоор 461 км² газар нутагтай, 200 мянга гаруй хүн амтай аж. Сүүлийн жилүүдэд олон улсын томоохон компаниудын хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ үйлдвэр, ажлын байр бий болсноор Дебрецен хотын эдийн засаг эрчимтэй хөгжиж, Унгарын зүүн бүсийн аж үйлдвэрийн төвүүдийн нэг болсон. Автомашин үйлдвэрлэл (BMW Group), электроник, эм үйлдвэрлэл, мэдээллийн технологи, логистик болон өндөр технологийн салбарууд хотын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг байна.

Уулзалтын төгсгөлд Дебрецен хотод жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдөр хотын иргэд төдийгүй жуулчид ихээр хүрэлцэн ирж үздэг Унгарын хамгийн том соёлын арга хэмжээнүүдийн нэг болох Цэцэгт багт наадам (Virágkarnevál) болдог талаар Засаг даргын орлогч Лаяош Барча сонирхуулж, дараа жилийн уг арга хэмжээнд Монголын язгуур урлагийн хамтлаг, уран бүтээлчдийг оролцохыг урив.

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН ДЕБРЕЦЕНИЙ ИХ СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ДЕКАН АНДРАШ ХАЙДУТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Н.Энхтайван 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Дебрецен хотод ажиллах үеэрээ Дебрецений Их сургуулийн Мэдээлэл, технологийн сургуульд зочилж Декан доктор Андраш Хайдутай уулзлаа.

Дебрецений Их сургуульд одоогийн байдлаар нийт 30 мянга орчим оюутан суралцаж байгаагийн 7 мянга орчим нь 140 гаруй улсаас ирсэн гадаад оюутан байгаа бөгөөд үүний 140 орчим нь монгол оюутан, залуус байгаа аж. “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2019-2025 оны хооронд нийт 186 монгол оюутан Дебрецений Их сургуульд элсэн орсон байдаг.

Уулзалтын үеэр Декан Андраш Хайду сургуулийн бүтэц, сургалтын үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, бакалавр, магистр, докторын болон мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийн талаар танилцуулав. Мөн сургуулийн тэргүүлэх чиглэлүүд болох Өгөгдлийн шинжлэх ухаан (data science), хиймэл оюун ухаан, болон тээвэр, эрүүл мэндийн салбарын информатикийн судалгааны ажлын талаар мэдээлэл өгөв. Талууд Монгол Улсын аль нэгэн их сургуультай хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар мөн санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Н.Энхтайван сургуулийн удирдлагад хандаж цаашид Монгол оюутнуудад олгогдох тэтгэлэг, элсэлтийн квотыг нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүссэнээр уулзалт өндөрлөв.