Элчин сайд Н.Энхтайван 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Дебрецен хотод ажиллах үеэрээ Дебрецений Их сургуулийн Мэдээлэл, технологийн сургуульд зочилж Декан доктор Андраш Хайдутай уулзлаа.

Дебрецений Их сургуульд одоогийн байдлаар нийт 30 мянга орчим оюутан суралцаж байгаагийн 7 мянга орчим нь 140 гаруй улсаас ирсэн гадаад оюутан байгаа бөгөөд үүний 140 орчим нь монгол оюутан, залуус байгаа аж. “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2019-2025 оны хооронд нийт 186 монгол оюутан Дебрецений Их сургуульд элсэн орсон байдаг.

Уулзалтын үеэр Декан Андраш Хайду сургуулийн бүтэц, сургалтын үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, бакалавр, магистр, докторын болон мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийн талаар танилцуулав. Мөн сургуулийн тэргүүлэх чиглэлүүд болох Өгөгдлийн шинжлэх ухаан (data science), хиймэл оюун ухаан, болон тээвэр, эрүүл мэндийн салбарын информатикийн судалгааны ажлын талаар мэдээлэл өгөв. Талууд Монгол Улсын аль нэгэн их сургуультай хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар мөн санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Н.Энхтайван сургуулийн удирдлагад хандаж цаашид Монгол оюутнуудад олгогдох тэтгэлэг, элсэлтийн квотыг нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүссэнээр уулзалт өндөрлөв.