Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Унгар Улсын Дебрецен хотын Засаг даргын орлогч доктор Лаяош Барчатай албан уулзалт хийв.

Уулзалтын хүрээнд талууд соёл, боловсрол болон бусад салбарт харилцан ашигтай тодорхой төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцож, цаашид Дебрецен хот болон Монголын аль нэг хотын хооронд ах, дүү хотын харилцаа тогтоох боломжийг судлан ажиллахаар тохиролцов. Түүнчлэн Дебрецен хотын Хот, Эдийн засгийн хөгжлийн төв (EDC Debrecen) ашгийн бус байгууллагын оролцоотойгоор Монгол болон Дебрецен хотын аж ахуйн нэгжүүдийн хооронд харилцаа тогтоож, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой талаар мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар Дебрецен хотод Монгол Улсын 500 орчим иргэд амьдарч байгаагийн 140 орчим нь Дебрецений Их сургуульд суралцаж буй оюутнууд байгаа аж.

Унгарын зүүн хэсэгт орших Дебрецен /Debrecen/ нь Будапештийн дараа ордог тус улсын хоёр дахь том хот бөгөөд Хоёду-Бихар мужийн төв юм. Румын улсын хилээс холгүй оршдог, Унгарын зүүн хойд болон зүүн бүс нутгийг холбосон эдийн засаг, боловсрол, соёлын чухал төвд тооцогддог. Хот нь ойролцоогоор 461 км² газар нутагтай, 200 мянга гаруй хүн амтай аж. Сүүлийн жилүүдэд олон улсын томоохон компаниудын хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ үйлдвэр, ажлын байр бий болсноор Дебрецен хотын эдийн засаг эрчимтэй хөгжиж, Унгарын зүүн бүсийн аж үйлдвэрийн төвүүдийн нэг болсон. Автомашин үйлдвэрлэл (BMW Group), электроник, эм үйлдвэрлэл, мэдээллийн технологи, логистик болон өндөр технологийн салбарууд хотын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг байна.
Уулзалтын төгсгөлд Дебрецен хотод жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдөр хотын иргэд төдийгүй жуулчид ихээр хүрэлцэн ирж үздэг Унгарын хамгийн том соёлын арга хэмжээнүүдийн нэг болох Цэцэгт багт наадам (Virágkarnevál) болдог талаар Засаг даргын орлогч Лаяош Барча сонирхуулж, дараа жилийн уг арга хэмжээнд Монголын язгуур урлагийн хамтлаг, уран бүтээлчдийг оролцохыг урив.