Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН СЕРБИ УЛСАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Нийтэлсэн 16/09/2026

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Александар Вучичд Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун мэндчилгээг уламжилж, Монгол, Сербийн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг тэмдэглэн, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол зэрэг бүх салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Александар Вучич Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг талархан хүлээн авч буйгаа мэдэгдэж, үүрэгт ажилдаа орж буй Элчин сайд Н. Энхтайванд баяр хүргэж, түүний дэвшүүлсэн санаачлагыг сайшаан үнэлж буйгаа тэмдэглэв. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө талууд нягт уялдаа холбоотой ажиллахын чухлыг онцолж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.