Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ

Мэдээ

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН УНГАРЫН НАДУДВАР ХОТЫН ГАР УРЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАВ

Элчин сайд Н.Энхтайван 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Унгарын Надудвар /Nádudvar/ хотод ажиллах үеэрээ уламжлалт гар урлалын чиглэлээр сургалт явуулдаг Надудварын Гар урлалын мэргэжлийн сургуультай танилцав. Сургуулийн дэд захирал Нандор Надь, холбогдох урлангийн багш нар сургалтын үйл ажиллагаа, мэргэжлийн хөтөлбөр болон сургуулийн онцлогийн талаар танилцууллаа.

Тус сургууль нь Унгарын ардын уламжлалт гар урлалын мэдлэг, ур чадварыг залуу үед өвлүүлэн, хөгжүүлэх зорилгоор 1992 онд байгуулагдсан бөгөөд 8 дугаар анги төгссөн сурагчдыг 3 жилийн, харин бүрэн дунд боловсрол эзэмшсэн 25 хүртэлх насны иргэдийг 2 жилийн мэргэжлийн сургалтад хамруулдаг аж. Сургуульд модон урлал, эсгий урлал, арьсан урлал, керамик урлал, хивс, хатгамал зэрэг олон төрлийн гар урлалыг зааж, Унгарын уламжлалт гар урлалын арга техникийг эзэмшүүлэхийн зэрэгцээ эдгээр ур чадварыг орчин үеийн хэрэглээ, хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлтэй уялдуулан хөгжүүлэхэд анхаардаг цөөн сургалтын байгууллагын нэг юм.

Уулзалтын үеэр талууд уламжлалт гар урлалын өв, арга техникийн адил төстэй байдлын талаар болон цаашид Монгол, Унгарын гар урлалын багш, урлаачдын хооронд туршлага солилцох, сургалт зохион байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

ДЕБРЕЦЕН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Өнөөдөр буюу 8 дугаар сарын 29-ний өдрийн 09-17 цагийн хооронд консулын ажилтан доорх хаягаар иргэд Та бүхэнд КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлж байна.

📌 Хаяг: 4028 Debrecen, Kassai út 141 (One Day In Mongolia Kft Showroom, TITEM Men’s Collection үйлдвэрийн байр)

https://maps.app.goo.gl/uNCk9FQQzFvRN3mj6

“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ 33 ОЮУТАН ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Унгар Улсын Дебреценийн их сургуульд суралцахаар ирсэн эхний ээлжийн 33 оюутныг Унгар дахь Монгол оюутны холбоотой хамтран угтан авч, сургуульд нь хүргэж өгөх ажлыг зохион байгуулж байна.

УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АНДРАШ БАКА 2026 ОНЫ 8 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДӨР БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс Унгар Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Андраш Бака-гийн тухай:

Төрсөн өдөр: 1952 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Төрсөн газар: Будапешт хот

Боловсрол: Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Хууль зүй, улс төр судлалын сургуульд суралцаж, Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан, 1978.

Ажилласан байдал:

1978-1990 онд Улс төр, хууль зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,

1990-1998 онд Төрийн захиргааны дээд сургуулийн захирлаар ажилласан,

1991-2008 онд Страсбург дахь Европын Хүний эрхийн шүүхийн шүүгчээр ажилласан,

2009-2011 онд Унгар Улсын Дээд шүүхийн /хуучин нэрээр “Legfelsőbb Bíróság”/ Ерөнхий шүүгч,

2012-2020 онд Унгар Улсын Дээд шүүхийн /бүтцийн өөрчлөлт орж “Kúria” нэртэй болсон/ ахлах шүүгчээр ажилласан,

2026 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Унгар Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон, тангараг өргөсөн.

ЭЛЧИН САЙД “DAILY NEWS HUNGARY”-ГИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын чөлөөт хэвлэл, мэдээллийн хамгийн том агентлаг “Daily News Hungary”-гийн үүсгэн байгуулагч, Ерөнхий редактор, “DNH Media Group” компанийн Гүйцэтгэх захирал Алпар Катотой 2026 оны 8 дугаар сарын 4-ний өдөр уулзалт хийв.

Уулзалтаар талууд түүх, соёлоор холбогдсон Унгар, Монголын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орныг харилцан сурталчлан таниулах талаар санал солилцов.

Цаашид Унгар Улс төдийгүй дэлхийд алдартай “Daily News Hungary” платформоор дамжуулан Унгар Улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудад суугаа орны мэдээ, мэдээллийг төрөлх монгол хэл дээр хүргэх боломжийг судалж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

“Daily News Hungary” нь 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Унгарын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, бизнесийн орчны талаар англи хэл дээр мэдээлэл бэлтгэн хүргэдэг Унгарын чөлөөт хэвлэлийн хамгийн том агентлаг болно.

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН УНГАРЫН ҮНДЭСНИЙ ПАЛИНКА (ЖИМСНИЙ НЭРМЭЛ АРХИ) НЭРЭХ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАВ

Элчин сайд Н.Энхтайван Унгарын Надькөрү тосгон дахь 30 жилийн түүхтэй “Bulyáki Pálinka” үйлдвэрт зочлон, палинка нэрэх үйлдвэрийн үйл явцтай танилцав. Палинка буюу жимсний нэрмэл архи нь унгарчуудын үндэсний онцлогийг шингээсэн, хүнсний соёл, уламжлалын салшгүй нэг хэсэг юм.

Үйлдвэрийн мастер Иожеф Бульяки унгарын уламжлалт технологи ашиглан төрөл бүрийн жимсээр нэрмэл архи үйлдвэрлэдэг талаар танилцуулсан бөгөөд чацаргана, хулуу болон улаан манжингийн палинка мөн үйлдвэрлэдэг нь сонирхол татав.

Уг жижиг оврын үйлдвэрийг 3-4 хүн ажиллуулах боломжтой бөгөөд өдөрт 50-150 литр нэрмэл архи гаргах хүчин чадалтай юм байна. Надькөрү тосгон нь Тиса мөрний эрэг дагуу оршдог, интоор тариалалтын бүс нутаг бөгөөд “Унгарын интоор жимсний нийслэл” гэгддэг аж.

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН УНГАРЫН БЯСЛАГНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ СУРГАЛТЫН ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ

Монгол, Унгарын аж ахуй нэгжүүдийн хүнсний үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлэх ажлын хүрээнд Элчин сайд Н.Энхтайван Унгарын Надькөрү /Nagykörű/ тосгон дахь Бяслаг судлалын “Sajt Stúdium” сангийн дэргэдэх бяслаг үйлдвэрлэх сургалтын төвтэй танилцав.

Тус сангийн үүсгэн байгуулагч, бяслагны мастер багш Дьөрдь Варга, уг тосгоны Тамгын газрын дарга Дьөрдь Мункачи нар бяслагны үйлдвэр болон тосгоны эдийн засагт бяслагны үйлдвэр чухал байр суурьтай талаар танилцуулав.

“Sajt Stúdium” сангийн дэргэдэх уг төв нь Унгарын гар хийцийн бяслаг үйлдвэрлэх уламжлалыг түгээн дэлгэрүүлж, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр 24 жил үйл ажиллагаа явуулж буй ажээ. Жижиг оврын бяслагны үйлдвэрт ердөө 3-4 хүн ажиллаж өдөрт 60-120 кг бяслаг үйлдвэрлэх боломжтой байгаа нь ихээхэн анхаарал татав.

Уулзалтын үеэр талууд Монгол дахь бяслаг, сүүн бүтээгдэхүүн боловсруулдаг жижиг үйлдвэр эрхлэгчидтэй хамтран ажиллах, туршлага солилцох, сургалт зохион байгуулах, цаашлан агро-аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТАМАШ ШУЙОК ОГЦОРСОН ТУХАЙ

Унгар Улсын Ерөнхийлөгч Тамаш Шуйок 2026 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Үндсэн хуулийн 17 дахь нэмэлт, өөрчлөлтөд гарын үсэг зурсан байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсноор түүний бүрэн эрхийн хугацаа 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болов.

Нэмэлт, өөрчлөлтөд Унгарын Үндэсний Ассамблей шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийг тав хүртэлх жилийн хугацаатайгаар сонгоно гэж заасан байна. Төрийн шинэ тэргүүнийг сонгох хүртэл Үндэсний Ассамблейн дарга Агнеш Форштхоффер Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх бол Үндэсний Ассамблейн чуулганыг Дэд дарга Анико Нодь Халлерне даргалах эсэхийг 2026 оны 7 дугаар сарын 20-ны чуулганаар шийдвэрлэх юм байна.

Үндсэн хуулийн 17 дахь нэмэлт, өөрчлөлтийг Үндэсний Ассамблейн 2026 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн чуулганаар хэлэлцүүлж 139 гишүүн дэмжиж, 6 гишүүн эсэргүүцсэн санал өгсөн.

Нэмэлт өөрчлөлтөөр Унгарын парламентын гишүүдэд бүрэн эрхийн хугацааны дээд хязгаар тогтоож, нийтдээ 12 жил буюу гурван удаагийн сонгуулийн циклээс илүү хугацаанд гишүүнээр ажиллах боломжийг хязгаарласан.

Түүнчлэн Үндсэн хуулийн Цэц болон шүүхийн тогтолцоонд томоохон өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 2013 оны өөрчлөлтөөр Цэцийн гишүүний насны хязгаарыг цуцалсан байсныг дахин сэргээж 70 насны дээд хязгаар дахин тогтоожээ. Мөн Цэцийн гишүүд өөрсдийн дотроос Цэцийн даргыг сонгодог тогтолцоог дахин сэргээсэн байна.

ЭЛЧИН САЙД УНГАРЫН ТҮҮХЧ, ДОРНО ДАХИН СУДЛААЧ, ЗОХИОЛЧ МИХАЙ БЭНКӨГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайд Н.Энхтайван Унгарын түүхч, дорно дахин судлаач, зохиолч Михай Бэнкөг хүлээн авч уулзав. Михай Бэнкө нь 1979 оноос Унгарын Үндэсний музейн Археологийн хүрээлэнд ажиллаж, олон арван ном, судалгааны бүтээлүүд гаргасан нэртэй эрдэмтэн хүн ажээ.

Тэрээр 1988-2006 оны хооронд Төв Ази, тэр дундаа Монгол, Казахстан улсуудад нийт 18 удаагийн судалгааны экспедиц зохион байгуулан ажиллаж, унгарчуудын угсаа гарал, нүүдэлчин соёл, бичгийн болон ардын аман уламжлалыг судалсан аж. Мөн түүхийн сэдэвт роман туурвиж, Азид авсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргадаг талаараа сонирхуулав.

Уулзалтын үеэр Михай Бэнкө өөрийн туурвисан “Төв Азийн нүүдэлчин амьдрал”, “Жулиан ламын мөрөөр хийсэн аялал”, “Унгарын Кипчакууд”, “Ази дахь өвөг дээдсийнхээ мөрөөр”, “Чингис хааны төрсөн нутагт” зэрэг номнуудаа ЭСЯ-нд дурсган гардуулав.

Цаашид судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийхэд нь туслаж дэмжиж ажиллахаа Элчин сайд Н.Энхтайван илэрхийлэв.