Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН УНГАРЫН НАДУДВАР ХОТЫН ГАР УРЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАВ

Нийтэлсэн 31/08/2026

Элчин сайд Н.Энхтайван 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Унгарын Надудвар /Nádudvar/ хотод ажиллах үеэрээ уламжлалт гар урлалын чиглэлээр сургалт явуулдаг Надудварын Гар урлалын мэргэжлийн сургуультай танилцав. Сургуулийн дэд захирал Нандор Надь, холбогдох урлангийн багш нар сургалтын үйл ажиллагаа, мэргэжлийн хөтөлбөр болон сургуулийн онцлогийн талаар танилцууллаа.

Тус сургууль нь Унгарын ардын уламжлалт гар урлалын мэдлэг, ур чадварыг залуу үед өвлүүлэн, хөгжүүлэх зорилгоор 1992 онд байгуулагдсан бөгөөд 8 дугаар анги төгссөн сурагчдыг 3 жилийн, харин бүрэн дунд боловсрол эзэмшсэн 25 хүртэлх насны иргэдийг 2 жилийн мэргэжлийн сургалтад хамруулдаг аж. Сургуульд модон урлал, эсгий урлал, арьсан урлал, керамик урлал, хивс, хатгамал зэрэг олон төрлийн гар урлалыг зааж, Унгарын уламжлалт гар урлалын арга техникийг эзэмшүүлэхийн зэрэгцээ эдгээр ур чадварыг орчин үеийн хэрэглээ, хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлтэй уялдуулан хөгжүүлэхэд анхаардаг цөөн сургалтын байгууллагын нэг юм.

Уулзалтын үеэр талууд уламжлалт гар урлалын өв, арга техникийн адил төстэй байдлын талаар болон цаашид Монгол, Унгарын гар урлалын багш, урлаачдын хооронд туршлага солилцох, сургалт зохион байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.