
Элчин сайд Н.Энхтайван Дьөр хотод “АУДИ” компанийн гүйцэтгэгч “DP WORLD” машины үйлдвэрийн цогцолбортой танилцаж, үйлдвэр хариуцсан захирал Хаяналка Кишне, хүний нөөц хариуцсан захирал Андреа Замборски нартай уулзалт хийж, тэнд хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдтэй уулзлаа.
Сонирхуулахад тус цогцолборт нийт 1000 орчим хүн ажилладгаас 130 монгол иргэн хөдөлмөр эрхэлдэг бөгөөд өдөрт үйлдвэрээс нийт 814 машин буюу 1 минут 30 секүнд тутамд шинэ машин угсарч гаргадаг байна.

Уулзалтын үеэр компанийн удирдлагын зүгээс монгол иргэд ажилдаа хариуцлагатай ханддагийг онцолж, цаашид тэдний тоог нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Элчин сайд ажилчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломжоор хангаж спорт заалны түрээсийн асуудлыг шийдвэрлэж өгөх, орон байрны нөхцлийг сайжруулах, Монгол хүүхдүүдийн сургуулийн асуудалд дэмжлэг үзүүлэх саналыг дэвшүүлэв.
Элчин сайд үйлдвэр дээр зочлох үеэр компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн процесстэй танилцахаас гадна ажлын байрны нөхцөлтэй танилцаж, ажиллаж буй монгол иргэдтэй уулзаж ахуй амьдрал, тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл солилцлоо.
