Монгол Улсаас Унгар, Серб Улсад суугаа ЭСЯ

Элчин сайд Унгарын Үндэсний Музейд нээлтээ хийсэн Аттила хааны үзэсгэлэнтэй танилцав

Нийтэлсэн 18/05/2026

Элчин сайд Н.Энхтайван Унгарын Үндэсний Музейд нээлтээ хийсэн Аттила хааны үзэсгэлэнтэй танилцаж, тус музейн захирал Жигмонд Габортой уулзав. Уулзалтаар хоёр орны музейн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа тус үзэсгэлэнг Монгол Улсад толилуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров. Унгарын Үндэсний Музей нь 1802 онд үүсгэн байгуулагдсан Унгарын анхны бөгөөд хамгийн том музей юм. Аттила хааны үзэсгэлэн нь 2026 оны 1 дүгээр сарын 22-нд нээгдсэн бөгөөд сүүлийн 40 жилд Европт зохион байгуулагдсан хүннүгийн сэдэвт хамгийн том үзэсгэлэн юм. Британийн музей, Лувр, Абу Даби, Бакугийн Үндэсний Музей зэрэг байгууллагуудын 400 гаруй үзмэрийг цуглуулан толилуулж байна. Хоёр орны музейн хамтын ажиллагаа урт хугацааны уламжлалтай бөгөөд 2007 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” сэдэвт, 2008 онд “Монголын байлдан дагуулалт”-ын тухай үзэсгэлэнг тус тус Унгарын Үндэсний Музейд гаргаж байсан юм.