Монгол Улсаас Унгар, Серб Улсад суугаа ЭСЯ

МОНГОЛ УЛСААС УНГАР УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН ТУС УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ МОНГОЛ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ АВЧ УУЛЗАВ.

Нийтэлсэн 14/05/2026

Уулзалтад Zilibal компанийн захирал Т.Цэрэндулам, Global Talk компанийн захирал Ч.Болормаа, One Day In Mongolia компанийн Гүйцэтгэх захирал П.Даваадэмбэрэл, Naran Jobs компанийн захирал Б.Билгүүн, Bolor-Kristal компанийн захирал Ц.Баяртуяа, World Bridge MGL компанийн захирал Ц.Эрхэмбаяр, A-Z Almighty компанийн менежер Э.Хажидмаа нар хүрэлцэн ирэв. Элчин сайдын яамны консул М.Мөнхзаяа, атташе Т.Бүрэнжаргал, аж ахуй нэгж, иргэдтэй харилцах асуудал хариуцсан ажилтан Ц.Зандан нар оролцлоо.

Уулзалтад дараах аж ахуйн нэгжүүд оролцлоо. Үүнд:

• Zilibal компани: Будапешт хотын 4-5 одтой зочид буудлуудын цэвэрлэгээний үйлчилгээ эрхэлдэг бөгөөд одоогоор 43 ажилтантай.

• Global Talk компани: Дьөр хотод зөвлөх үйлчилгээ, аялал жуулчлал, боловсрол, ажиллах хүч зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь 150 гаруй ажилтантай бөгөөд ихэнх хүмүүснь Дьөр хотын Audi автомашины үйлдвэрт ажилладаг. Мөн “Итгэл Бирток” гэр кэмп ажиллуулж, Монгол Улсын соёл, ахуйг Унгар Улсын иргэдэд сурталчлах зорилго тавин ажиллаж байна.

• World Bridge MGL компани болон Bolor-Kristal компани: Барилгын туслах ажил, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус тус 20 гаруй ажилтантай.

• A-Z Almighty компани: Зөвлөх үйлчилгээ, барилгын туслах ажилтан зуучлалын чиглэлээр ажилладаг. Мөн “Mongolian Yurt” рестораныг ажиллуулж, монгол хоолны соёлыг түгээн дэлгэрүүлж, Унгар дахь албан ёсны арга хэмжээнүүдэд кэйтэринг үйлчилгээ үзүүлдэг. Нийт 40 ажилтантай.

• Naran Jobs компани: 120 гаруй ажилтантай бөгөөд барилга, цахилгаан, барилгын цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

• One Day In Mongolia компани: Унгар Улсын Дебрецен хотод бүртгэлтэй бөгөөд 2022 оноос Монгол бараа бүтээгдэхүүнийг Европын стандартад нийцүүлж, тогтвортой экспортлох чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн Европын цаг агаарт тохирсон монгол гэрийг түрээсэлж, борлуулахын зэрэгцээ, гэрийн арчилгаа, үйлчилгээ үзүүлэх “Гэр Сервис” үйлчилгээг эхлүүлээд байна.

Уулзалтын үеэр Монголын уламжлалт баяр наадмыг илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулах, монгол өв соёлыг таниулах, түгээх, Монгол хүмүүсдээ эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл хүргэх, Унгар Улсын хууль, эрх зүйн орчны талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, Монгол бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд нийлүүлэх, Монголчууд олноор суурьсан зарим хотуудад явуулын консулын үйлчилгээг үзүүлэх, Унгар Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн нэгдсэн бүртгэлийг бий болгох, оюунтан залуучууд, хүүхдүүд рүү чиглэсэн ажлуудыг дэмжих зэрэг асуудлаар ярилцаж, хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтын үеэр консул М.Мөнхзаяа Элчин сайдын яамны иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа, консулын үйлчилгээний талаар товч мэдээлэл өгөв.