Монгол Улсаас Унгар, Серб Улсад суугаа ЭСЯ

Мэдээ

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яаманд үзүүлж буй консулын үйлчилгээний талаарх танилцуулга

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яаманд үзүүлж буй консулын үйлчилгээний талаарх танилцуулга, мэдээллийг иргэд Та бүхэнд хүргүүлж байна.

1.Та бүхэн дараах холбоосыг ашиглан цаг авна уу.

2. Зарим төрлийн итгэмжлэлийг цахимаар үйлдэх бүрэн боломжтой болсон. Та https://consul.notary.mn хаягаар орж бүртгэл үүсгээд цахим итгэмжлэл илгээх боломжтой.

Цахим итгэмжлэл хийх дэлгэрэнгүй заавар, зөвлөмж байхгүй улмаас буруу үйлдэж, цаг алдах асуудлууд гараад байгаа тул бид зааварчилгаа бүхий видео бичлэгийг оруулахаар бэлтгэж байна.

Харин үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл бол биечлэн ирэх шаардлагатай. Энэ нь Таныг аливаа залилан, үл ойлголцлоос урьдчилан сэргийлэх зорилготой юм шүү.

3. Төрсний бүртгэл, гэрлэсний бүртгэл хийлгэхэд шаардлагатай мэдүүлгийн маягт болон өргөдлийн загварыг Та манай чатаар холбогдон автомат хариулагчаас татаж авах боломжтой.

4. Oрчуулга, лавлагаа, тодорхойлолт авах хүсэлтээ mongolemb1@gmail.com цахим хаягаар ирүүлээд цахимаар орчуулга, лавлагаа, хүүхдийн нэрний тодорхойлолт авах боломжтой.

5. Хэрэв Та консулын үйлчилгээний талаар холбогдох бол +36 1212 5731 утасны дугаараар, бусад асуудлаар +36 1212 4579 утасны дугаараар холбогдоно уу.

6. Ажлын бус цагаар Танд нэн яаралтай мэдээлэл, зөвлөгөө, тусламж авах шаардлага гарвал +36302080427 дугаараар холбогдоно уу.

Жич: Элчин сайдын яам нь Унгар Улсын баяр ёслолын өдрүүдээр ажиллаж, Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу амарна. Тухайлбал, өнөөдөр буюу 2026.05.25-ны өдөр /Pünkösdhétfő/ Элчин сайдын яам ажиллаж, ирэх 7 хоногт буюу Хүүхдийн баярын өдрөөр /2026.06.01/ амарна.

Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ “Гүем” сургуультай хамтран Үсэглэлийн баяр болон хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ “Гүем” сургуультай хамтран Үсэглэлийн баяр болон хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү ёслолын арга хэмжээнд “Гүем” сургуулийн нийт 24 хүүхэд, түүний дотор Мур хотын салбарын 11 хүүхэд оролцлоо. Эх орноосоо алслагдан Унгар Улсад амьдарч буй монгол хүүхдүүд эх хэл, бичиг үсгээ эзэмшин, монгол соёл, өв уламжлалаа таниж мэдэх боломжийг “Гүем”сургууль бүрдүүлэн ажиллаж байгаа нь үнэхээр үнэтэй үйлс болж байна.

Арга хэмжээнд Элчин сайд Н.Энхтайван оролцож, хүүхдүүдэд урмын үг хэлэв. Элчин сайд “Гүем”сургуулийг үүсгэн байгуулагч Б.Энэрэл багш болон хамт олонд талархал илэрхийлж, цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Унгар Улсад амьдарч буй монгол хүүхдүүдийн эх хэл, үндэсний соёлоо хадгалан хөгжүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Ялангуяа уг сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, дэмжлэг маш чухал болохыг онцлов.

Үйл ажиллагааны төгсгөлд Элчин сайд Н.Энхтайван хичээлийн жилийг амжилттай дүүргэсэн хүүхдүүдэд батламж гардуулав.

Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Михай Иллэш, Миклош Яцкович нарыг хүлээн авч уулзав

No photo description available.

Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Михай Иллэш, Миклош Яцкович нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд асан Михай Иллэш, Миклош Яцкович нар Монгол Улсад ажиллаж байсан туршлагаасаа хуваалцан, санал зөвлөгөө өгч цаашид ЭСЯ-ны үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийллээ.

Монголын нийгэм, соёл, ард түмний онцлогийг сайн мэдэхийн зэрэгцээ хоёр орны найрсаг харилцааны хөгжлийн түүхэн үйл явцад биечлэн оролцож, хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан туршлагатай дипломатчидад Элчин сайд Н.Энхтайван талархал илэрхийлэв.

Дашрамд дурдахад, Миклош Яцкович нь 1990-1996 онд, Михай Иллэш 2004-2006 онд Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан билээ.

Монгол Улсаас Унгарт суугаа Элчин сайдын яам, Өтвөш Лорандын Их Сургуулийн (ELTE) Монгол, Төв Ази судлалын тэнхимтэй хамтран олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Будапешт хотноо амжилттай зохион байгууллаа

Монгол Улсаас Унгарт суугаа Элчин сайдын яам, Эөтвөш Лорандын Их Сургуулийн (ELTE) Монгол, Төв Ази судлалын тэнхимтэй хамтран олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Будапешт хотноо амжилттай зохион байгууллаа.

Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд Монгол, Унгар, Солонгос, Турк, Хятад, Герман, Их Британи, Малайз, Канад, Польш зэрэг 10 орны тэргүүлэх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаас 40 гаруй судлаач хуран цуглаж, илтгэл хэлэлцүүлж байна.

Хурлыг Унгарын Монгол судлалын нэрт судлаач, профессор Кёхалми Каталины багшийн алдарыг тэмдэглэх хүрээнд түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулж зохион байгуулж байгаа нь онцлог юм.

Хурлын нээлтэд Элчин сайд Н.Энхтайван оролцож, үг хэлэхдээ хоёр орны монгол судлалын чиглэлээрх хамтын ажиллагаа, олон жилийн харилцааг онцлон тэмдэглэж, цаашид архив, гар бичмэлийн сан хөмрөгийг тоон хэлбэрт оруулах, харьцуулан судлах, хамтран хэвлэн нийтлэх зэрэг чиглэлээр Монгол, Унгарын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой болохыг дурдав. Мөн 2026 оны 8 дугаар сарын 10–14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Олон улсын Монголч эрдэмтдийн XIII их хурлын талаар мэдээлж, хуралд цугласан эрдэмтэн судлаачдыг идэвхтэй оролцохыг урив.

Тэтгэврийн асуудлаар Унгар Улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд өгөх мэдээлэл, зөвлөмж

May be an image of text

Элчин сайдын яамны консул М.Мөнхзаяа Унгар Улсын Тэтгэврийн ерөнхий газрын албан хаагчидтай уулзаж, Унгар Улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд тэтгэвэр тогтоолгоход гардаг асуудлаар санал солилцож, мэдээлэл авав. Тус уулзалтын мөрөөр иргэдэд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлж байна.

Монгол Улс, Унгар Улсын хооронд байгуулсан нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр /цаашид “Хэлэлцээр” гэх/-ийг 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, хоёр тал соёрхон баталснаар 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байна.

Хэлэлцээрээр хоёр талын хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөн давхардаагүй хугацааг нэгтгэн тооцуулах Монгол Улсын болон Унгар Улсын хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөн хугацааны дагуу тус улсад тэтгэвэр тогтоох, олгох харилцааг зохицуулж байна. Хэлэлцээрт тэтгэврийн даатгалын сангаас олгох өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр хамаарч байна.

Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу 2025 онд 22 ба түүнээс дээш жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

Тухайлбал, Монгол Улсад 14 жил, Унгар Улсад 21 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан, 60 нас хүрсэн Монгол Улсын иргэнд тэтгэвэр тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэврийн нийт 35 жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тогтоож, үүнээс Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан 14 жилд ногдох тэтгэврийг тооцож Монгол Улсын тэтгэврийн даатгалын сангаас, Унгар Улсын хууль тогтоомжид заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөл /нас/-ийг хангасан тохиолдолд 21 жилд ногдох тэтгэвэрээ унгарын талаас авах боломжтой юм.

Унгар Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн уг хугацаандаа Монгол Улсын тэтгэврийн даатгалд сайн дураар даатгуулан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол тухайн давхардсан хугацаа нь Унгар Улсад өндөр насны тэтгэвэр тогтоох хугацаанд тооцогдохгүй болно.

Харин Унгар Улсын хууль тогтоомжийн дагуу 1957 он болон түүнээс хойш төрсөн иргэд хүйсээс хамаарахгүй 65 насандаа тэтгэвэр тогтоолгоно. Хэрэв 40 ажилласан жилийн хугацаа 40 жилийг давсан бол эмэгтэйчүүд 65 наснаас өмнө тэтгэвэр тогтоолгох боломжтой.

Будапешт хотод байрлах Тэтгэврийн ерөнхий газрын Олон улсын хэрэг хариуцсан хэлтэс нь гадаад иргэдийн тэтгэвэр тогтоох асуудлыг бүрэн хариуцан ажилладаг байна. 2011 онд хоёр талт хэлэлцээр байгуулагдснаас хойш Монгол Улсын 363 иргэн тэтгэвэр, тэтгэмж авах хүсэлт гаргасан бөгөөд үүний 92 хувийг эерэгээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар өндөр насны болон тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох Монгол Улсын 10 иргэний хүсэлт шийдвэрлэлтийн явцдаа байна.

Монгол Улсын иргэний аливаа хүсэлт өргөдлийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл, лавлагаа хүсдэг тул энэ нь өргөдөл хүсэлтийн шийдвэрлэлт удаашрах нэг үндэс болдог байна. Хэрэв өргөдөл гаргагч Унгар Улсын орон нутгаас хүсэлт гаргаж байгаа нөхцөлд тус хүсэлтийг Будапешт хот руу уламжилж, шийдвэрлэдэг тул цаг хэмнэх үүднээс Монгол Улсын иргэд хүсэлтээ Будапешт дахь төв оффист шууд гаргах боломжтой гэдгийг мэдээлэв.

Хоёр улсын эрх зүйн орчин, тэр дундаа тэтгэвэр тогтоох насны хязгаар зөрүүтэй байгаа нь хүндрэл дагуулж байгааг тул иргэдийн зүгээс анхаарах хэд хэдэн асуудал байгааг онцлов. Тухайлбал:

1. Унгар Улсын хуулийн дагуу өөр улсад тэтгэврээ тогтоолгосон бол тухайн иргэнийг албан ёсоор тэтгэврийн насны хүн гэж тооцно. Иймд эх орондоо тэтгэвэр тогтоолгосноосоо хойш ажилласан жилийг Унгар Улсад тэтгэвэр тогтоолгоход тооцох БОЛОМЖГҮЙ тул Монголд тэтгэврээ тогтоолгохдоо үүнийг анхаарах шаардлагатай байна.

2. Хэрэв Монгол Улсад тэтгэврээ тогтоолгосны дараагаар Унгар Улсад хөдөлмөр эрхэлж байгаа бол ажил олгогчдоо болон Унгар Улсын тэтгэврийн газарт заавал мэдэгдэх шаардлагатай. Ингэснээр ажил олгогч болон ажилтан тэтгэврийн даатгал төлөх шаардлагагүй болдог. Гэтэл тэтгэвэрт гарсан тухайгаа мэдэгдээгүй улмаас шаардлагагүй татвар төлж, иргэд болон ажил олгогчид хохирч байна.

3. Ажил олгогчдоо болон Тэтгэврийн газар мэдэгдсэн хэдий ч тэтгэврийн татвар төлсөн хэвээр байгаа бол Унгар Улсын Татвар, гаалийн газар хүсэлт өргөдөл гаргаж, төлсөн татвараа 5 жил хүртэлх хугацаагаар буцаан авах боломжтой.

Хэрэв Монгол Улсын иргэд ажил олгогчийн алдаатай үйлдлийн улмаас Унгар Улсад ажилласан жилээ дутуу бодуулж, тэтгэвэр тогтоолгосон бол дараах нотлох баримтыг цуглуулж, ажилласан жилийг нөхөн тооцох асуудлаар Унгар Улсын Тэтгэврийн даатгалын ерөнхий газрын Олон улсын хэрэг хариуцсан хэлтэст хүсэлт өргөдөл гаргах боломжтой. Үүнд:

– 1992 оныг хүртэл Унгар Улсад хөдөлмөрийн книжкa ашигладаг байсан бол 1992 оноос хойш одоог хүртэл нийгмийн даатгалын дэвтэр ашиглаж байгаа тул энэхүү дэвтэр байгаа тохиолдолд

– 1997.12.31-ний өдрийг хүртэлх хөдөлмөр эрхэлсэн асуудлыг гэрчийн мэдүүлэг байгаа тохиолдолд,

– 1998.01.01-ний өдрөөс хойшх хугацаанд ажилласан гэдгээ нотлохын тулд хөдөлмөрийн гэрээ, хөрөнгө оруулгын албан татвар төлсөн тухай мэдүүлэг, цалин хөлс авч байсан хүснэгт /сар болгоны бохир болон цэвэр цалин гаргасан байх/ зэрэг нотлох баримт бичиг байгаа тохиолдолд холбогдох хүсэлт өргөдөл гаргах боломжтой.

Хэрэв Таны хүсэлт өргөдөл нааштайгаар шийдвэрлэгдэж, ажилласан жилийг нэмж, тэтгэвэр дахин тогтоох тохиолдолд тэтгэврийн зөрүүг 6 хүртэлх сараар бодож, олгох боломжтой байдаг байна.

Иргэд Та бүхэн тэтгэвэр, тэтгэмжийн талаар тодорхой мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол Элчин сайдын яамны конcултай /манай Facebook page хуудасны чатаар, +36 1212 5731 утсаар болон mongolemb1@gmail.com хаягаар/ холбогдох, цаг товлож уулзах боломжтой.

Унгар Улсын Тэтгэврийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийв

No photo description available.

Элчин сайдын яамны консулын ажилтан М.Мөнхзаяа Унгар Улсын Тэтгэврийн ерөнхий газрын Нийслэлийн тэтгэврийн газрын дарга Др. Сейп Эстэр болон Олон улсын хэрэг хариуцсан хэлтсийн дарга Др. Дьенге Дьөрдь нартай уулзаж, Унгар Улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улс, Унгар Улсын хооронд 2011 онд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар болон хоёр улсын холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар мэдээлэл авав.

2025 оны 4 дүгээр сарын байдлаар Монгол Улсын 3,633 иргэн албан ёсоор Унгар Улсад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд иргэдээс ирсэн санал, хүсэлтийг тус байгууллагын албан тушаалтнуудад уламжилж, тэтгэвэр тогтоолгох нас, процедурын талаар тодорхой мэдээлэл авсныг иргэд Та бүхэнд мэдээлэл, зөвлөмж болгон хүргүүлж байна.

https://www.facebook.com/share/p/1NbcjZXurn/

Иргэд Та бүхэн тэтгэвэр, тэтгэмжийн талаар тодорхой мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол Элчин сайдын яамны конcултай холбогдох, эсхүл цаг товлож уулзах боломжтой.

Элчин сайд Унгар Улсын Гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газар /OIF/-ын удирдлага, төлөөлөлтэй уулзав

May be an image of text

Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын Гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газар /OIF/-ын ерөнхий захирал, хошууч генерал Гөмбөш Шандортой танилцах уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон Унгар Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх зүйн статусын тухай мэдээлэл авч, санал солилцов.

Унгар Улсын Засгийн газраас 2026.06.01-ний өдрөөс эхлэн гуравдагч улсаас (Европын Холбооны гишүүн орнуудаас бусад) хөдөлмөрийн гэрээт болон зочин ажилтан авахыг түр хугацаагаар зогсоож, Унгар Улсын “Гуравдагч улсын иргэдийн нэвтрэх болон оршин суухтай холбоотой ерөнхий дүрмийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхлэхээр болсон тухай мэдээлэв.

Энэ хүрээнд иргэдэд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна.

1. “Гуравдагч улсын иргэдийн нэвтрэх болон оршин суухтай холбоотой ерөнхий дүрмийн тухай” хуулийн дагуу Монгол Улсын иргэд 2024.01.01-ний өдрөөс эхлэн Унгар Улсад хөдөлмөрийн гэрээт болон зочин ажилтны виз мэдүүлэх боломжгүй болсон тул шинээр хэрэгжих хязгаарлалт нь Монгол Улсын иргэдэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.

2. Унгар Улсын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд ямар нэгэн өөрчлөлтгүй виз мэдүүлэх, оршин суух эрхээ сунгуулах боломжтой.

3. Унгар Улсад албан ёсоор (зочин ажилтан, хөдөлмөрийн гэрээт, гэр бүл нэгтгэл г.м.) оршин сууж буй иргэд бичиг баримтаа холбогдох журмын дагуу сунгуулах боломжтой.

Бичиг баримт мэдүүлэхдээ хууль, дүрэм журмын дагуу тавьж буй шалгуурыг сайтар хангаж, мэдээллээ үнэн зөв бөглөхөд онцгой анхаарал хандуулах шаардлагатай.

Тухайлбал, бичиг баримт сунгуулах асуудлыг хугацаанаас нь хожимдуулахгүй байх, эсхүл бичиг баримтын бүрдлийг сайтар шалгаж хүлээлгэн өгөх зэрэгт анхаарал хандуулахыг хүсье. Учир нь жижиг ч гэсэн захиргааны, процедурын зөрчил гаргасан гуравдагч орны иргэдийн бичиг баримтыг сунгах боломжгүй болж, шууд нутаг буцаахаас өөр арга байхгүй гэдгийг онцгойлон анхааруулсан болно.

Одоогийн байдлаар “Гуравдагч улсын иргэдийн нэвтрэх болон оршин суухтай холбоотой ерөнхий дүрмийн тухай” хуульд ямар нэмэлт, өөрчлөлт орох нь тодорхойгүй байгаа тул тус Элчин сайдын яамны зүгээс цаашид энэ талаар тухай бүр шинэ мэдээ, мэдээлэл оруулахад онцгой ач холбогдол өгч ажиллах болно.

Өнөөгийн интернет орчинд худал мэдээлэл түгээмэл байгаа учир Та Унгар Улсын Засгийн газрын бодлого, холбогдох хууль, дүрэм журамд орох нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжуудаас авч байхыг зөвлөж байна.

https://kormany.hu/ (Унгар Улсын Засгийн газрын вебсайт)

https://oif.gov.hu/ (Унгар Улсын Гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газрын вебсайт)

Элчин сайд “Mathias Corvinus Collegium”боловсрол, судалгааны хүрээлэнгийн төлөөлөлтэй уулзав

May be an image of the Oval Office

Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын “Mathias Corvinus Collegium” боловсрол, судалгааны хүрээлэнгийн Ази, Унгарын харилцааны төвийн захирал Др. Левенте Хорваттай 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр уулзалт хийв.

Уулзалтаар Элчин сайд Н.Энхтайван Монгол, Унгарын улс төр, боловсрол, соёлын харилцааны өнөөгийн байдлыг танилцуулж, хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, инновацын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Элчин сайд Н.Энхтайван Ази, Унгарын харилцааны төвийг монголын судалгааны байгууллага, их дээд сургуулиудтай харилцаа тогтооход тусалж дэмжихээ илэрхийлэв.

Ази, Унгарын харилцааны төв нь Азийн бүс нутаг дахь улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг судлахын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан унгарчуудад Азийн талаарх бодит мэдээлэл түгээх, судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг боловсрол, судалгааны байгууллага юм.

Элчин сайд Шинжлэх ухааны Академийн Философийн хүрээлэнгийн тэнхимийн төлөөлөлтэй уулзав

May be an image of one or more people

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Унгар Улсын Шинжлэх ухааны Академи хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй “Монгол, Унгарын нийгмийн өөрчлөлт” сэдэвт судалгааны ажлын дүнг хэлэлцэх арга хэмжээ Будапешт хотноо зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Элчин сайд Н.Энхтайван Шинжлэх ухааны Академийн Философийн хүрээлэнгийн тэнхимийн эрхлэгч Д.Чулуунгэрэл, судлаач Ж.Бямбасүрэн, В.Удвал нартай уулзалт хийж, хоёр орны шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын харилцаанд чухал байр суурь эзлэж байгааг тэмдэллээд, цаашид улам идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Унгарын Үндэсний Музейд нээлтээ хийсэн Аттила хааны үзэсгэлэнтэй танилцав

Элчин сайд Н.Энхтайван Унгарын Үндэсний Музейд нээлтээ хийсэн Аттила хааны үзэсгэлэнтэй танилцаж, тус музейн захирал Жигмонд Габортой уулзав. Уулзалтаар хоёр орны музейн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа тус үзэсгэлэнг Монгол Улсад толилуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров. Унгарын Үндэсний Музей нь 1802 онд үүсгэн байгуулагдсан Унгарын анхны бөгөөд хамгийн том музей юм. Аттила хааны үзэсгэлэн нь 2026 оны 1 дүгээр сарын 22-нд нээгдсэн бөгөөд сүүлийн 40 жилд Европт зохион байгуулагдсан хүннүгийн сэдэвт хамгийн том үзэсгэлэн юм. Британийн музей, Лувр, Абу Даби, Бакугийн Үндэсний Музей зэрэг байгууллагуудын 400 гаруй үзмэрийг цуглуулан толилуулж байна. Хоёр орны музейн хамтын ажиллагаа урт хугацааны уламжлалтай бөгөөд 2007 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” сэдэвт, 2008 онд “Монголын байлдан дагуулалт”-ын тухай үзэсгэлэнг тус тус Унгарын Үндэсний Музейд гаргаж байсан юм.