Монгол Улсаас Унгар, Серб Улсад суугаа ЭСЯ

Мэдээ

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН ДЬӨР ХОТОД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАСАН ТУХАЙ

2026 оны 6 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван Элчин сайдын яамны албан хаагчдын хамт Дьөр хотод томилолтоор ажиллаж, тухайн мужид оршин суугаа монгол иргэдтэй уулзаж, иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Дьөр хотноо болсон Унгарын өв соёл, эртний уламжлал, нүүдэлчин ахуй амьдралыг танилцуулсан “Сент Ласло” өдөрлөгт оролцож, “Ауди” компанийн үйлдвэрийн удирдлагатай уулзалт хийж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

Тус мужид амьдарч буй иргэдтэй уулзах үеэр Элчин сайд Н.Энхтайван Монгол-Унгарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Элчин сайдын яамны зүгээс үзүүлэх консулын үйлчилгээ, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, нээлттэй ярилцав.

Иргэдийн зүгээс Унгар Улсад амьдарч буй 0-17 насны монгол хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудал нэн чухал байгааг онцлов. Унгар Улсын Засгийн газрын бүтцэд шинээр Эрүүл мэндийн яам байгуулагдсан тул Элчин сайдын яамны зүгээс Эрүүл мэндийн сайд болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийх хүсэлтээ өгч, дээрх болон бусад асуудлаар холбогдох санал хүсэлтээ хүргүүлэхээр бэлтгэж байна гэдгийг мэдээлэв.

Түүнчлэн иргэдэд нийгмийн даатгал, тэтгэвэр тогтоолгох талаар болон Унгар Улсад оршин суух зөвшөөрлийн төрөл, сунгалт зэрэг сэдвээр товч мэдээлэл, зөвлөгөө өгч, 20 гаруй иргэнд нотариат, иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлж, хоёр хосын гэрлэлтийг бүртгэн баталгаажуулснаар Монгол Улсад хоёр шинэ өрх айл нэмэгдлээ.

УРИЛГА

May be an image of text that says '. Ge монгол МОнгоЛУЛсАас УЛСААС УНГАР УЛСАД СУУГАА ЭЛЧиН САЙДЫН ЯАМ УРИЛГА Дьер-Мошон-Шопрон мужид оршин суугаа Монгол иргэд Ta бухнийг Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайвантай хиЙх уулзалтад хурэлцэн ирж, оролцохыг урьж байна. Уулзалт 2026 оны 6 дугаар сарын 28-ны едер (ням гарагт) 16 цагт Дьер хотод болно. :: Огноо: 2026 оны 6 дугаар сарын 28 28-ны ны едер (ням гарагт) Цаг: 16:00 Хаяг: 9024 Győr, Mónus Illés น. 47-49'

Дьөр-Мошон-Шопрон мужид оршин суугааа Монгол иргэд Та бүхнийг Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайвантай хийх уулзалтад хүрэлцэн ирж, оролцохыг урьж байна.

Уулзалт 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 16 цагт Дьөр хотод болно.

Мөн өдрийн 10-16 цагийн хооронд тус Элчин сайдын яамны консулын ажилтан иргэд Та бүхэнд КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэх тул Та дараах холбоосоор ЦАГ АВЧ, ирнэ үү. Баярлалаа.

Хаяг: 9024 Győr, Mónus Illés u. 47-49

Элчин сайд “Hungarian Rhapsody” язгуур урлагийн хамтлаг, Нүүдэлчин үе сан /Nomad Generation Foundation/-гийн Ерөнхийлөгч нартай уулзалт хийв

Элчин сайд Н.Энхтайван “Hungarian Rhapsody” мажаар язгуур урлагийн хамтлагийн ерөнхий продюсер Янош Тот болон Нүүдэлчин үе сан /Nomad Generation Foundation/-гийн Ерөнхийлөгч Чоори Баниай Рэка нартай уулзалт хийв.

“Hungarian Rhapsody” хамтлаг нь түрэг–унгарын хөгжмийн ул мөрийг орчин үеийн өвөрмөц хэлээр сэргээн амилуулах эрхэм зорилгыг тээж, мажаар ардын хөгжмийн зэмсгүүдийг орчин үеийн найруулгатай хослуулсан өвөрмөц аялгууг бүтээдгээрээ онцлог юм.

Уулзалтын үеэр талууд Монгол–Унгарын соёлын харилцаа, ялангуяа хөгжим, урлагийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо солилцов. Уулзалтаар Монгол уран бүтээлчтэй хамтран ажиллах боломжтой бөгөөд Монгол өв, аялгуу шингэсэн хөгжмийн бүтээл хамтран туурвих, Монгол ардын дуу, аялгууны өвөөс сэдэвлэн “Hungarian Rhapsody” хамтлагийн орчин үеийн найруулга, хэв маягт оруулан шинэ бүтээл туурвих, Европ дахь монгол уран бүтээлч, хамтлагтай холбогдох ажилд дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.

Энэхүү уулзалт нь Монгол–Унгарын соёлын харилцааг урлаг соёлоор дамжуулан өргөжүүлэх, хоёр ард түмний түүх соёлын гүн гүнзгий холбоосыг олон нийтэд таниулах нэгэн алхам боллоо.

УРАЛДААНЫ ЗАР МЭДЭЭЛЭЛ

Монгол Улс, Унгар Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, үндэсний соёл, өвийг олон талт агуулгаар баяжуулах, сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамнаас:

а/Унгар Улсад сурч, ажиллаж, амьдарч байсан, одоо сурч, ажиллаж, амьдарч байгаа,

б/Унгар Улсад аялан зочилж байсан,

в/Унгар иргэдтэй хамтарч ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа,

г/Унгар иргэдтэй ямар нэгэн байдлаар өмнө нь холбоотой байсан Монгол иргэдийнхээ дунд Монгол, Унгарын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жирийн иргэд хоорондын нөхөрлөл, энгийн харилцаа, хамтын ажиллагаанд хэрхэн хоногшиж үлдсэн тухай “Сэтгэлд хоногшсон Унгар орон” сэдэвт өгүүллэг бичих уралдааныг 2026 оны 6 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 25-ныг хүртэл 3 сарын хугацаанд зарлаж байна.

Уралдааны сэдэв, агуулга, болзол, тавигдах шаардлага, дүгнэх журам, шагнал, урамшууллын талаарх мэдээллийг хавсралтаас үзнэ үү.

Бүтээлийг 2026 оны 9 дүгээр сарын 25-ны дотор Элчин сайдын яамны budapest@mfa.gov.mn имэйл хаягаар тус тус хүлээж авна.

Лавлаж, тодруулах зүйлс байгаа бол Г.Төгөлдөр +36302080427 утаснаас авна уу.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Элчин сайд Н.Энхтайван, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн А.Ундраа нар Үндэсний Ассамблейн Амьдрах орчин (Байгаль орчны асуудал эрхэлсэн)-ы байнгын хорооны дарга Жолт Немет, дэд дарга Бихари Золтан нартай уулзав

Элчин сайд Н.Энхтайван, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн А.Ундраа нар Үндэсний Ассамблейн Амьдрах орчин (Байгаль орчны асуудал эрхэлсэн)-ы байнгын хорооны дарга Жолт Немет, дэд дарга Бихари Золтан нартай уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Н.Энхтайван хоёр орны улс төр, тэр дотроо хууль тогтоох байгууллага хоорондын нөхөрсөг хамтын ажиллагааны талаар танилцуулж, Элчин сайдаар ажиллах хугацаандаа уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Гишүүн А.Ундраа байгаль орчин хамгаалах салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгаагаа танилцуулж цаашид унгарын сайн туршлагаас суралцах, нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.

Талууд цаашид Байнгын хороо, Парламент дахь Найрамдлын бүлэг хооронд айлчлал хэрэгжүүлэх, туршлага солилцох замаар усны менежмент, орон нутгийн хог хаягдлын менежмент зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сард зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Унгар Улсын дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Н.Энхтайван, Гишүүн А.Ундраа нар илэрхийлсэн болно.

Элчин сайд Унгар дахь Шагайн харвааны холбооны тэргүүн болон усан спортын тамирчидтай уулзав

Элчин сайд Н.Энхтайван Унгар дахь Шагайн харвааны холбооны тэргүүн Д.Сайнбаяр болон усан спортын оюутан тамирчин Г.Сугар, Э.Ариунтамир нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Д.Сайнбаяр Унгар дахь шагайн харвааны холбооны үйл ажиллагаа, монгол үндэсний спортыг гадаадад түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хийж буй ажлынхаа талаар танилцуулав.

Мөн усан спортын тамирчин Г.Сугар, Э.Ариунтамир нар Унгарт суралцаж, бэлтгэл хийж буй туршлага, оролцсон тэмцээн, амжилтаасаа хуваалцлаа.

Элчин сайд Н.Энхтайван монгол залуус гадаадад спортоор дамжуулан эх орноо сурталчилж буйг онцлон тэмдэглэж, Элчин сайдын яамны зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Унгар Улсын Ноград мужийн Бурханы шашны төвд зочлов

Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын Ноград мужийн Тар тосгонд (Будапешт хотоос 90 км зайтай) байрлах Бурханы шашны төвд зочилж, сүмийн тэргүүн Чөпел ламтай уулзав.

Уулзалтын үеэр Чөпел лам Унгар дахь Бурханы шашны үүсэл хөгжил, гол урсгалууд, өнөөгийн нөхцөл байдал болон шашны нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мөн тэрээр Унгарт Бурханы шашин сүүлийн жилүүдэд хэрхэн дэлгэрч, өнөөдөр 10-20 мянга орчим сүсэгтэнтэй болсон тухай сонирхолтой мэдээлэл хуваалцав.

Тар дахь төвийн түүхэн ач холбогдлыг илтгэх нэгэн онцгой үйл явдал нь 1992 онд XIV Далай лам өөрийн биеэр хүрэлцэн ирж тус төвийг адислан нээсэн байдаг. Үүнээс хойш тус төв нь Унгар төдийгүй Төв Европ дахь Буддын шашны чухал төвүүдийн нэг болон хөгжиж, жил бүр олон мянган зочин, сүсэгтнийг хүлээн авдаг болжээ.

Тар дахь Бурханы шашны төв нь найман суварга, хоёр сүм, бясалгалын танхим, сургалтын байр, кофешоп болон бэлэг дурсгалын дэлгүүртэй, шашин номын үйл ажиллагаанаас гадна соёл, боловсролын арга хэмжээ, олон улсын сургалт, бясалгалын хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулдаг байгалийн үзэсгэлэнт газар байгуулагдсан цогцолбор юм.

Үндсэн сүмүүдийн нэгэнд Аттила хааны суугаа баримлыг залсан байх бөгөөд түүнийг Унгарчуудын анхны хаан хэмээн хүндэтгэдэг, үндэстний түүх, сүнслэг байдлыг хамтад нь билэгддэг аж .

Унгарын иргэд жил бүр төлдөг орлогын албан татварынхаа 1 хувийг улсад бүртгэлтэй иргэний нийгмийн байгууллага (сайн үйлсийн сангууд гэх мэт), мөн адил 1 хувийг шашны байгууллагад өөрсдийн сонголтоор хуваарилах боломжтой байдаг. Тар дахь төв нь энэхүү дэмжлэгээр төвийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, сургалт болон ном, судар хэвлүүлэх зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлдэг байна.

“Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье” баярын арга хэмжээг зохион байгуулав

Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын яам, Унгар дахь Монголчуудын нэгдсэн холбоотой хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье” баярын арга хэмжээг зохион байгуулав.

Элчин сайд Н.Энхтайван арга хэмжээнд оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Баярын арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн одонгоор шагнагдсан хоёр ээжид одон гардууллаа.

Энэхүү арга хэмжээнд нийт 108 хүүхэд оролцсон бөгөөд “Дүүлэн нис” бүжгийн клуб Унгар дахь Монгол оюутаны холбоо, Global Talk компани нар арга хэмжээг дэмжиж оролцлоо.

Элчин сайд Н.Энхтайван Сегед хотод ажиллав

Сегед хотын дэд дарга Нодь Шандор Элчин сайд Н.Энхтайваныг хүлээн авч уулзан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үер болон гангийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төсөл, тогтвортой хөгжлийн бодлого, дэд бүтцийн шинэчлэл болон гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөр төслүүдийн талаар танилцуулав. Уулзалтын үеэр талууд цаашид Сегед хот болон Монголын аль нэг хотын хооронд ах дүү хотын харилцаа тогтоох боломжийг судлан ажиллахаар тохиролцов.

Элчин сайд Н.Энхтайван 30 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Сегедийн өдөрлөг”-тэй танилцав. Энэхүү өдөрлөгийн гол онцлог нь Унгар улсад вино үйлдвэрлэгч бүх үйлдвэрүүд (нийт 153) оролцож виногоо амтлуулж, сурталчилдаг уламжлалтай ажээ. Үүнээс гадна өдөрлөгийн үеэр Унгар үндэсний хоол хүнс, уламжлалт бараа бүтээгдэхүүн, гар урлалын үзэсгэлэн худалдаа зохион байгууллагддаг юм байна.

Мөн Элчин сайд Н.Энхтайван Сегедийн Их Сургуулийн төв номын санд тус хотод суралцаж буй монгол оюутнуудтайгаа уулзаж, тэдний хичээл сургуулийн байдал, оюутны амьдрал, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонсож, цаашид боломжтой бүх дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсад суралцдаг монгол оюутнуудын төлөөлөлтэй зоог барьж, чөлөөт яриа өрнүүллээ

May be an image of table

Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсад суралцдаг монгол оюутнуудын төлөөлөлтэй зоог барьж, чөлөөт яриа өрнүүллээ.

Оюутнууд Унгар Улсад суралцахын давуу тал, мөн суралцах хугацаандаа тулгардаг бэрхшээлийнхээ талаар чөлөөтэй ярилцлаа. Элчин сайд хариуд нь өөрийн оюутан цагийн дурсамжаасаа хуваалцаж, залуустаа зөвлөгөө өгөв.

Элчин сайдын яамны зүгээс гадаадад суралцаж буй монгол оюутнуудтайгаа байнгын холбоотой ажиллах нь нэн чухал гэдгийг онцолж цаашид ч залуустайгаа тогтмол уулзаж, тэдний сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.