Монгол Улсаас Унгар, Серб Улсад суугаа ЭСЯ

Мэдээ

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН УНГАРЫН ҮНДЭСНИЙ ПАЛИНКА (ЖИМСНИЙ НЭРМЭЛ АРХИ) НЭРЭХ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАВ

Элчин сайд Н.Энхтайван Унгарын Надькөрү тосгон дахь 30 жилийн түүхтэй “Bulyáki Pálinka” үйлдвэрт зочлон, палинка нэрэх үйлдвэрийн үйл явцтай танилцав. Палинка буюу жимсний нэрмэл архи нь унгарчуудын үндэсний онцлогийг шингээсэн, хүнсний соёл, уламжлалын салшгүй нэг хэсэг юм.

Үйлдвэрийн мастер Иожеф Бульяки унгарын уламжлалт технологи ашиглан төрөл бүрийн жимсээр нэрмэл архи үйлдвэрлэдэг талаар танилцуулсан бөгөөд чацаргана, хулуу болон улаан манжингийн палинка мөн үйлдвэрлэдэг нь сонирхол татав.

Уг жижиг оврын үйлдвэрийг 3-4 хүн ажиллуулах боломжтой бөгөөд өдөрт 50-150 литр нэрмэл архи гаргах хүчин чадалтай юм байна. Надькөрү тосгон нь Тиса мөрний эрэг дагуу оршдог, интоор тариалалтын бүс нутаг бөгөөд “Унгарын интоор жимсний нийслэл” гэгддэг аж.

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН УНГАРЫН БЯСЛАГНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ СУРГАЛТЫН ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ

Монгол, Унгарын аж ахуй нэгжүүдийн хүнсний үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлэх ажлын хүрээнд Элчин сайд Н.Энхтайван Унгарын Надькөрү /Nagykörű/ тосгон дахь Бяслаг судлалын “Sajt Stúdium” сангийн дэргэдэх бяслаг үйлдвэрлэх сургалтын төвтэй танилцав.

Тус сангийн үүсгэн байгуулагч, бяслагны мастер багш Дьөрдь Варга, уг тосгоны Тамгын газрын дарга Дьөрдь Мункачи нар бяслагны үйлдвэр болон тосгоны эдийн засагт бяслагны үйлдвэр чухал байр суурьтай талаар танилцуулав.

“Sajt Stúdium” сангийн дэргэдэх уг төв нь Унгарын гар хийцийн бяслаг үйлдвэрлэх уламжлалыг түгээн дэлгэрүүлж, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр 24 жил үйл ажиллагаа явуулж буй ажээ. Жижиг оврын бяслагны үйлдвэрт ердөө 3-4 хүн ажиллаж өдөрт 60-120 кг бяслаг үйлдвэрлэх боломжтой байгаа нь ихээхэн анхаарал татав.

Уулзалтын үеэр талууд Монгол дахь бяслаг, сүүн бүтээгдэхүүн боловсруулдаг жижиг үйлдвэр эрхлэгчидтэй хамтран ажиллах, туршлага солилцох, сургалт зохион байгуулах, цаашлан агро-аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Унгар Улсын Ерөнхийлөгч Тамаш Шуйок огцорсон тухай

No photo description available.

Унгар Улсын Ерөнхийлөгч Тамаш Шуйок 2026 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Үндсэн хуулийн 17 дахь нэмэлт, өөрчлөлтөд гарын үсэг зурсан байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсноор түүний бүрэн эрхийн хугацаа 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болов.

Нэмэлт, өөрчлөлтөд Унгарын Үндэсний Ассамблей шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийг тав хүртэлх жилийн хугацаатайгаар сонгоно гэж заасан байна. Төрийн шинэ тэргүүнийг сонгох хүртэл Үндэсний Ассамблейн дарга Агнеш Форштхоффер Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх бол Үндэсний Ассамблейн чуулганыг Дэд дарга Анико Нодь Халлерне даргалах эсэхийг 2026 оны 7 дугаар сарын 20-ны чуулганаар шийдвэрлэх юм байна.

Үндсэн хуулийн 17 дахь нэмэлт, өөрчлөлтийг Үндэсний Ассамблейн 2026 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн чуулганаар хэлэлцүүлж 139 гишүүн дэмжиж, 6 гишүүн эсэргүүцсэн санал өгсөн.

Нэмэлт өөрчлөлтөөр Унгарын парламентын гишүүдэд бүрэн эрхийн хугацааны дээд хязгаар тогтоож, нийтдээ 12 жил буюу гурван удаагийн сонгуулийн циклээс илүү хугацаанд гишүүнээр ажиллах боломжийг хязгаарласан.

Түүнчлэн Үндсэн хуулийн Цэц болон шүүхийн тогтолцоонд томоохон өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 2013 оны өөрчлөлтөөр Цэцийн гишүүний насны хязгаарыг цуцалсан байсныг дахин сэргээж 70 насны дээд хязгаар дахин тогтоожээ. Мөн Цэцийн гишүүд өөрсдийн дотроос Цэцийн даргыг сонгодог тогтолцоог дахин сэргээсэн байна.

Элчин сайд Унгарын түүхч, дорно дахин судлаач, зохиолч Михай Бэнкөг хүлээн авч уулзав

May be an image of ‎text that says '‎OSEIA NYOMA غاربه سب LOPGAL‎'‎

Элчин сайд Н.Энхтайван Унгарын түүхч, дорно дахин судлаач, зохиолч Михай Бэнкөг хүлээн авч уулзав. Михай Бэнкө нь 1979 оноос Унгарын Үндэсний музейн Археологийн хүрээлэнд ажиллаж, олон арван ном, судалгааны бүтээлүүд гаргасан нэртэй эрдэмтэн хүн ажээ.

Тэрээр 1988-2006 оны хооронд Төв Ази, тэр дундаа Монгол, Казахстан улсуудад нийт 18 удаагийн судалгааны экспедиц зохион байгуулан ажиллаж, унгарчуудын угсаа гарал, нүүдэлчин соёл, бичгийн болон ардын аман уламжлалыг судалсан аж. Мөн түүхийн сэдэвт роман туурвиж, Азид авсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргадаг талаараа сонирхуулав.

Уулзалтын үеэр Михай Бэнкө өөрийн туурвисан “Төв Азийн нүүдэлчин амьдрал”, “Жулиан ламын мөрөөр хийсэн аялал”, “Унгарын Кипчакууд”, “Ази дахь өвөг дээдсийнхээ мөрөөр”, “Чингис хааны төрсөн нутагт” зэрэг номнуудаа ЭСЯ-нд дурсган гардуулав.

Цаашид судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийхэд нь туслаж дэмжиж ажиллахаа Элчин сайд Н.Энхтайван илэрхийлэв.

Унгар дахь монголчуудын “Монгол Наадам”-ыг зохион байгуулав

May be an image of text

“Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой”-г тохиолдуулан Будапешт хотноо 2026 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Унгар дахь Монголчуудын холбоотой “Монгол Наадам-2026” хамтран зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд Унгар, Чех, Польш, Австри, Румын, Герман Улсаас нийт 600 гаруй иргэд оролцож өргөн дэлгэр тэмдэглэлээ.

May be an image of text

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлж, уртын дуу, морин хуур, бий биелгээ, хийлийн эгшиг, морьтой үзүүлбэр, Монгол ардын дуу хөгжим, бүжгийн үзүүлбэр толилуулагдав. Хүчит бөхийн барилдаан, Үндэсний сурын харваа, Шагайн харваа болон Гар барилдаан, Дээлтэй Монгол, хүүхдийн уралдаан зэрэг тэмцээнүүд өрсөлдөөнтэй, амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Унгар дахь Монголчуудын холбооны тэргүүн Н.Батдуулга, ТИТЕМ, Зилибал, Глобал Ток, Наранжобс, Бондгор карго Чука зэрэг компаниуд, Наадмын талбайг чимж Монгол гэр барьж дэмжлэг үзүүлсэн Пүрэвжавын Адъяажамба, Чулууны Дуламсүрэн, Морьтой үзүүлбэр үзүүлсэн Б.Оргилболд нарт Элчин сайдын яам болон зохион байгуулах хорооны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Та бүхэн дэнж хотойтол сайхан наадаарай!

Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын Дьөр хотод ажиллах үеэрээ Унгарын өв соёл, эртний уламжлал, нүүдэлчин ахуй амьдралыг танилцуулсан “Сент Ласло” өдөрлөгийн арга хэмжээнд оролцов

Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын Дьөр хотод ажиллах үеэрээ Унгарын өв соёл, эртний уламжлал, нүүдэлчин ахуй амьдралыг танилцуулсан “Сент Ласло” өдөрлөгийн арга хэмжээнд оролцов.

Монгол, Унгарын ард түмэн нүүдэлчин ахуй амьдрал, уламжлал, морьны соёл, түүхэн өвөө дээдлэх үзлээрээ адил төстэй талууд олон байгаа болохыг уг өдөрлөгийн үеэр танилцах боломжыг бүрдүүлж өгсөн байлаа.

Тухайлбал, унгар гэр, эртний нүүдэлчин ахуй амьдралын хэв маяг нь монгол гэр, монголын ард түмний эдэлж хэрэглэж байсантай ижил төстэй байгаа нь сонирхол татав. Мөн түүнчлэн унгарчуудын оюун санааны өвийн нэг хэсэг болсон “талтош”-ийн зан үйл нь Монголын бөө мөргөлтэй олон талаараа ижил төстэй байлаа.

Өдөрлөгийн үеэр дундад зууны үеийн үндэсний хувцас, гар урлал, хүлэг баатруудын морин үзүүлбэрүүдийг толилуулав. Элчин сайд Н.Энхтайван өдөрлөгийг зохион байгуулагчидтай уулзаж, өв уламжлал, соёлын талаар нээлттэй яриа өрнүүлж , энэ 7 дугаар сарын 5-ны өдөр Будапешт хотноо болох Монгол наадамд хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай танилцахыг урив.

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН “АУДИ” КОМПАНИЙН ҮЙЛДВЭРИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Элчин сайд Н.Энхтайван Дьөр хотод “АУДИ” компанийн гүйцэтгэгч “DP WORLD” машины үйлдвэрийн цогцолбортой танилцаж, үйлдвэр хариуцсан захирал Хаяналка Кишне, хүний нөөц хариуцсан захирал Андреа Замборски нартай уулзалт хийж, тэнд хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдтэй уулзлаа.

Сонирхуулахад тус цогцолборт нийт 1000 орчим хүн ажилладгаас 130 монгол иргэн хөдөлмөр эрхэлдэг бөгөөд өдөрт үйлдвэрээс нийт 814 машин буюу 1 минут 30 секүнд тутамд шинэ машин угсарч гаргадаг байна.

Уулзалтын үеэр компанийн удирдлагын зүгээс монгол иргэд ажилдаа хариуцлагатай ханддагийг онцолж, цаашид тэдний тоог нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Элчин сайд ажилчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломжоор хангаж спорт заалны түрээсийн асуудлыг шийдвэрлэж өгөх, орон байрны нөхцлийг сайжруулах, Монгол хүүхдүүдийн сургуулийн асуудалд дэмжлэг үзүүлэх саналыг дэвшүүлэв.

Элчин сайд үйлдвэр дээр зочлох үеэр компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн процесстэй танилцахаас гадна ажлын байрны нөхцөлтэй танилцаж, ажиллаж буй монгол иргэдтэй уулзаж ахуй амьдрал, тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл солилцлоо.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2026 оны зуны энэ өдрүүдэд Европын бүх улс орнуудад хэт халах цаг уурын онцгой үзэгдэл явагдаж, агаарын хэм өдөртөө +33-аас +40 хэм хүртэл халж 1 дүгээр зэрэглэлийн аюулт түвшингийн анхааруулга зарлаж байгаатай холбогдуулан Европ ын улс орнууд руу хувийн болон албаны хэргээр зорчих, зорчиж буй Монгол Улсын иргэдэд нарших, наршилтаас хамгаалах арга хэмжээ авах, галын аюулаас урьдчилан сэргийлэх, ийм эрсдэл өндөртэй газар нутаг руу аль болох зорчихгүй байх, даралт, зүрх судасны хууч өвчтэй иргэд болон хүүхэд багачуудад онцгой анхаарал тавих зэргээр амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөндөө учирч болзошгүй эрсдлийг урьдчилан харж төлөвлөлтөө хийхийг Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамнаас онцгойлон анхааруулж байна.

Түүнчлэн, Унгар болон Серби Улсад зорчиж буй Монгол Улсын иргэдэд эрсдэлтэй ямар нэгэн асуудал тохиолдох бол Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамны дараахь утас болон и-мэйл хаягаар яаралтай холбоо барьж, мэдээллээ өгөхийг хүсье.

Элчин сайдын яамны хаяг:

1022 Budapest

Bogar utca 14/C,

The Embassy of Mongolia

И-мэйл хаяг: budapest@mfa.gov.mn

Утас: +36302080427 /Г.Төгөлдөр/

МОНГОЛ УЛСААС УНГАР УЛСАД

СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ