Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ

УНГАР УЛСЫН 1956 ОНЫ ХУВЬСГАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ТЭМЦЛИЙН 70 ЖИЛИЙН ОЙН ДЭЭД, ӨНДӨР ТҮВШНИЙ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Нийтэлсэн 23/10/2026

2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан Унгар Улсын 1956 оны хувьсгал, эрх чөлөөний төлөөх тэмцлийн 70 жилийн ойн дээд, өндөр түвшний арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайдын Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван нар оролцов.

Хүндэтгэлийн ёслол Парламентын ордонд эхэлж, Унгар Улсын Ерөнхийлөгч Андраш Бака нээж үг хэлэв. Түүнчлэн Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта болон НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Норвегийн Сангийн сайд Йенс Столтенберг нар хүндэт зочноор оролцож мөн үг хэлсэн болно.

Ёслолын арга хэмжээ Кошшут Лайошийн талбайд үргэлжилж Унгар Улсын Ерөнхий сайд Петер Модьёр талбайд хуран цугларсан гадаадын зочид төлөөлөгч, унгарын иргэдэд хандан 1956 оны хувьсгал, эрх чөлөөний төлөөх тэмцлийн түүхэн ач холбогдлын талаар илтгэл тавив.

Арга хэмжээ үдээс хойш Гала тоглолтоор үргэлжилж, Унгар Улсын Ерөнхий сайд Петер Модьёр гадаадын дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг хүндэтгэн оройн зоог барьснаар өндөрлөсөн болно.

Унгар Улсын 1956 оны хувьсгал, эрх чөлөөний төлөөх тэмцлийн 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, арга хэмжээнд гадаадын 40 орчим улсын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын хувьд Унгар Улстай уламжлалт найрсаг, харилцаа хамтын ажиллагаатай бөгөөд хүндэтгэлийн ёслолд Засгийн газрыг төлөөлөн төлөөлөгч оролцуулсан нь хоёр орны хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч буйн илрэл боллоо.