Монгол Улсаас Унгар, Серб Улсад суугаа ЭСЯ

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН УНГАРЫН БЯСЛАГНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ СУРГАЛТЫН ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ

Нийтэлсэн 22/07/2026

Монгол, Унгарын аж ахуй нэгжүүдийн хүнсний үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлэх ажлын хүрээнд Элчин сайд Н.Энхтайван Унгарын Надькөрү /Nagykörű/ тосгон дахь Бяслаг судлалын “Sajt Stúdium” сангийн дэргэдэх бяслаг үйлдвэрлэх сургалтын төвтэй танилцав.

Тус сангийн үүсгэн байгуулагч, бяслагны мастер багш Дьөрдь Варга, уг тосгоны Тамгын газрын дарга Дьөрдь Мункачи нар бяслагны үйлдвэр болон тосгоны эдийн засагт бяслагны үйлдвэр чухал байр суурьтай талаар танилцуулав.

“Sajt Stúdium” сангийн дэргэдэх уг төв нь Унгарын гар хийцийн бяслаг үйлдвэрлэх уламжлалыг түгээн дэлгэрүүлж, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр 24 жил үйл ажиллагаа явуулж буй ажээ. Жижиг оврын бяслагны үйлдвэрт ердөө 3-4 хүн ажиллаж өдөрт 60-120 кг бяслаг үйлдвэрлэх боломжтой байгаа нь ихээхэн анхаарал татав.

Уулзалтын үеэр талууд Монгол дахь бяслаг, сүүн бүтээгдэхүүн боловсруулдаг жижиг үйлдвэр эрхлэгчидтэй хамтран ажиллах, туршлага солилцох, сургалт зохион байгуулах, цаашлан агро-аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.