Монгол Улсаас Унгар, Серб Улсад суугаа ЭСЯ

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН ДЬӨР ХОТОД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАСАН ТУХАЙ

Нийтэлсэн 30/06/2026

2026 оны 6 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван Элчин сайдын яамны албан хаагчдын хамт Дьөр хотод томилолтоор ажиллаж, тухайн мужид оршин суугаа монгол иргэдтэй уулзаж, иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Дьөр хотноо болсон Унгарын өв соёл, эртний уламжлал, нүүдэлчин ахуй амьдралыг танилцуулсан “Сент Ласло” өдөрлөгт оролцож, “Ауди” компанийн үйлдвэрийн удирдлагатай уулзалт хийж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

Тус мужид амьдарч буй иргэдтэй уулзах үеэр Элчин сайд Н.Энхтайван Монгол-Унгарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Элчин сайдын яамны зүгээс үзүүлэх консулын үйлчилгээ, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, нээлттэй ярилцав.

Иргэдийн зүгээс Унгар Улсад амьдарч буй 0-17 насны монгол хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудал нэн чухал байгааг онцлов. Унгар Улсын Засгийн газрын бүтцэд шинээр Эрүүл мэндийн яам байгуулагдсан тул Элчин сайдын яамны зүгээс Эрүүл мэндийн сайд болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийх хүсэлтээ өгч, дээрх болон бусад асуудлаар холбогдох санал хүсэлтээ хүргүүлэхээр бэлтгэж байна гэдгийг мэдээлэв.

Түүнчлэн иргэдэд нийгмийн даатгал, тэтгэвэр тогтоолгох талаар болон Унгар Улсад оршин суух зөвшөөрлийн төрөл, сунгалт зэрэг сэдвээр товч мэдээлэл, зөвлөгөө өгч, 20 гаруй иргэнд нотариат, иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлж, хоёр хосын гэрлэлтийг бүртгэн баталгаажуулснаар Монгол Улсад хоёр шинэ өрх айл нэмэгдлээ.