Монгол Улсаас Унгар, Серб Улсад суугаа ЭСЯ

Элчин сайд “Hungarian Rhapsody” язгуур урлагийн хамтлаг, Нүүдэлчин үе сан /Nomad Generation Foundation/-гийн Ерөнхийлөгч нартай уулзалт хийв

Нийтэлсэн 19/06/2026

Элчин сайд Н.Энхтайван “Hungarian Rhapsody” мажаар язгуур урлагийн хамтлагийн ерөнхий продюсер Янош Тот болон Нүүдэлчин үе сан /Nomad Generation Foundation/-гийн Ерөнхийлөгч Чоори Баниай Рэка нартай уулзалт хийв.

“Hungarian Rhapsody” хамтлаг нь түрэг–унгарын хөгжмийн ул мөрийг орчин үеийн өвөрмөц хэлээр сэргээн амилуулах эрхэм зорилгыг тээж, мажаар ардын хөгжмийн зэмсгүүдийг орчин үеийн найруулгатай хослуулсан өвөрмөц аялгууг бүтээдгээрээ онцлог юм.

Уулзалтын үеэр талууд Монгол–Унгарын соёлын харилцаа, ялангуяа хөгжим, урлагийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо солилцов. Уулзалтаар Монгол уран бүтээлчтэй хамтран ажиллах боломжтой бөгөөд Монгол өв, аялгуу шингэсэн хөгжмийн бүтээл хамтран туурвих, Монгол ардын дуу, аялгууны өвөөс сэдэвлэн “Hungarian Rhapsody” хамтлагийн орчин үеийн найруулга, хэв маягт оруулан шинэ бүтээл туурвих, Европ дахь монгол уран бүтээлч, хамтлагтай холбогдох ажилд дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.

Энэхүү уулзалт нь Монгол–Унгарын соёлын харилцааг урлаг соёлоор дамжуулан өргөжүүлэх, хоёр ард түмний түүх соёлын гүн гүнзгий холбоосыг олон нийтэд таниулах нэгэн алхам боллоо.