
Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын “Mathias Corvinus Collegium” боловсрол, судалгааны хүрээлэнгийн Ази, Унгарын харилцааны төвийн захирал Др. Левенте Хорваттай 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр уулзалт хийв.
Уулзалтаар Элчин сайд Н.Энхтайван Монгол, Унгарын улс төр, боловсрол, соёлын харилцааны өнөөгийн байдлыг танилцуулж, хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, инновацын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Элчин сайд Н.Энхтайван Ази, Унгарын харилцааны төвийг монголын судалгааны байгууллага, их дээд сургуулиудтай харилцаа тогтооход тусалж дэмжихээ илэрхийлэв.
Ази, Унгарын харилцааны төв нь Азийн бүс нутаг дахь улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг судлахын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан унгарчуудад Азийн талаарх бодит мэдээлэл түгээх, судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг боловсрол, судалгааны байгууллага юм.