
Унгар Улсын нийслэл Будапешт хотод шинэ Үндэсний Ассамблейн анхдугаар хуралдаан болж өнгөрлөө. Анхдугаар хурлыг Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шуйок нээж, 11:00 цагт шинээр сонгогдсон 199 парламентын гишүүн тангараг өргөв. Үүний дараа 15:00 цагт ТИСА намын дарга Петер Модьор тангараг өргөж Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо.
Энэ удаагийн тангараг өргөх ёслолыг тойрсон онцлог үйл явдлуудаас дурдвал:
• Анхны удаа ёслолын үеэр үндэсний хэмжээний 4 үндэсний сүлд дуулал тоглогдов. (Унгар Улсын Төрийн дуулал, Секеи үндэсний дуулал, Европын Төрийн дуулал (Людвиг ван Бетховен – Баяр хөөрийн дуулал /Ode to joy/) болон Ромa үндэстний дуулал).
• Цөөнхийг төлөөлөл парламентын гишүүд тангаргаа өөрсдийн эх хэл: Ловари болон Беас (Рома хэл), Румын, Хорват хэлээр өргөв.
• Ардчилалд шилжсэнээс хойш анх удаа өмнөх Ерөнхий сайд Виктор Орбан Парламентын тангараг өргөх ёслолд оролцсонгүй.
• ТИСА нам Унгар Улсад ардчилсан сонгууль явагдаж эхэлснээс хойш хамгийн их (141/199) суудал аваад байгаа бөгөөд энэ удаагийн Парламентад 54 эмэгтэй гишүүн сонгогдсон нь мөн адил хамгийн өндөр үзүүлэлт болов.
Шинэ 199 суудалт Үндэсний Ассамблейд “Тиса” нам 141 суудал эзэлсэн бол Виктор Орбаны тэргүүлдэг “Фидес”-КДНП холбоо нийт 52 суудал, “Ми хазанк” (Mиний эх орон) нам 6 суудал аваад байна.
Петер Модьор Үндэсний ассамблейн хуралдаанд хэлсэн үгэндээ “Би энд зогсож байгаа нь өөр хэн нэгнээс ялгарах хүн учраас биш. Хэдэн сая унгарчууд өөрчлөлт хүсэж байгаагаа илэрхийлсний дүнд би энд байна. Бидэнд үзүүлсэн итгэл бол хүндэт дарамт, ёс суртахууны үүрэг” гэж мэдэгдлээ. Мөн тэрээр Унгарыг “захирахаар биш, харин үйлчлэхээр” ирсэн гэдгийг үгэндээ онцлов.
Шинээр томилогдсон Үндэсний ассамблейн дарга Агнеш Фурштхоффер анхны шийдвэрээрээ Европын Холбооны далбааг Парламентын барилгад буцаан мандуулахыг тушаав. Тус далбаа нь 2014 онд Орбаны Засгийн газрын үед буулгаж Секеи далбааг мандуулж байсан юм.
Өнөөдрийн тангараг өргөх ёслол Унгарын түүхэнд шинэ бүлэг нээсэн өдөр болж бүртгэгдлээ. Петер Модьор иргэдийг энэхүү түүхэн мөчийг хамтдаа угтан авахыг уриалсан бөгөөд ёслол эхлэхэд Кошутын талбай аль хэдийн хүмүүсээр дүүрэн байв. Албан бус мэдээллээр өнөөдрийн цуглаанд арав гаруй мянган иргэн оролцсон байна.
Сонгуулийн үр дүнд бий болсон улс төрийн шилжилт энэхүү ёслолоор албан ёсны төгөлдөр байдлаа олж, шинэ Үндэсний Ассамблей болон шинэ Ерөнхий сайд өөрсдийн үүрэгт ажилдаа оров.