Унгар Улс дахь «Гүем» монгол сургуулийн хүүхдүүд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яаманд зочиллоо.

Хүүхдүүд Монгол гэр, монгол ахуйтай танилцах хичээлд хамрагдаж, гэрийн бүтэц, зохион байгуулалт, монгол айлын уламжлалт ахуй амьдралын онцлогтой ойроос танилцлаа. Гадаадад өсөж буй монгол хүүхдүүдийн хувьд эх орныхоо соёл, ахуйг биеэр мэдэрч, сурч мэдэх нь үндэсний ухамсар, өв уламжлалаа хадгалахад чухал ач холбогдолтой юм.

Энэ үеэр Элчин сайд Н.Энхтайван хүүхдүүдтэй уулзаж, эх хэлээ сурч эзэмших нь монгол хүн байхын үндэс болохыг онцлон тэмдэглэв. Тэрээр хүүхдүүдийг эх хэлээрээ алдаагүй уншиж, бичиж сурахыг захиж, сурлагын өндөр амжилт хүслээ.