Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн 3.1.13-т заасан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны монголын ирээдүй – 2100 оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох шалгуур нөхцөлийг хэрхэн тогтоож, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 8-р сарын 27-ны өдрийн 23 тоот Зарлиг гарсан. Уг зарлигийн дагуу Засгийн газрын 2021 оны “Журам шинэчлэн батлах тухай” 275 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам” батлагдсан.
Журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар тэргүүлж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо хангасан эхний 428 иргэдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр олон нийтэд зарласан.

Мөн Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад (Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүй, газар зүй, хиймэл оюун) медальт байрт шалгарсан сурагч дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг авах боломжийг бүрдүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр суралцуулах мэргэжлийн хуваарилалтыг Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлтэй уялдуулан (Засгийн газрын “Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл батлах тухай” 115 дугаар тогтоол) тогтоосон бөгөөд тэтгэлгээр суралцаж төгссөн иргэн орон нутагтаа 5-аас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах зохицуулалтыг хийсэн болно.
Ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөр бол сум, хороо бүрийн шилдэг хүүхдийг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан гадаадын шилдэг их дээд сургуульд сурах болзлыг хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөөд ирэхэд нь улс, орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ:
Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт дараах шалгуурыг тавьдаг болно. Үүнд:
- Хамран сурах тойрогтоо сүүлийн 3 жил суралцсан байх
- Оршин суугаа сум, хорооноосоо тухайн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын гадаад хэл-математик, гадаад хэл-физик, гадаад хэл-хими, гадаад хэл-биологи гэсэн хувилбарын хэмжээст онооны дунджаар хамгийн өндөр оноо авсан байх
Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгох үйл ажиллагаа:
- Улсын бүртгэлийн ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын мэдээллийн технологийн төвийн санг ашиглан холбогдох журмын шалгуурын дагуу болзол хангасан сум, хороо бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо тэргүүлсэн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргах
- Автоматаар шүүн гаргасан жагсаалтыг Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Орон нутгийн боловсролын хэлтсээс суурь болон бүрэн дунд боловсрол олгодог сургуулиудын сүүлийн 3 жилийн хамран сурах тойргийн мэдээллийг үндэслэн баталгаажуулж Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх
- Тэтгэлэгт хамрагдах болзол хангасан суралцагчдын нэрсийн жагсаалтыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлснээр олон нийтэд зарладаг.
БЭЛТГЭЛ ХӨТӨЛБӨР:
Бэлтгэл хөтөлбөрийг МУИС, ШУТИС-д суралцагчдыг Англи, Герман, Франц, Чех, Польш, Унгар, Хятад, Солонгос, Япон хэлний бүлгүүдэд хуваарилан хэрэгжүүлдэг .
Бэлтгэл хөтөлбөрт Ерөнхийлөгчийн илгээлтийн эзэд ерөнхий суурь эрдмийн болон гадаад хэлний хичээлээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадварт суралцаж менторшип хөтөлбөрт хамрагддаг .
Менторшип хөтөлбөрөөр хувь хүний хөгжил, суралцахуйн ур чадвар олгохоос гадна Монголын түүх, эх хэл, өв соёл, гадаад харилцааны мэдлэг олгож, дархан хил дээр эх оронч суралцагч хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Бэлтгэл хөтөлбөрийг эхний улирлыг амжилттай суралцсан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ЗАХИА ДААЛГАВАР, батламж гардан авдаг.

ТЭТГЭЛЭГ ОЛГОХ:
Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн суралцагчдад Үндсэн хөтөлбөрийн тэтгэлгийг Дэлхийн тэргүүлэх 100-д багтсан их сургуулийн урилга авсан эсвэл Засгийн газар хооронд, Боловсролын яам болон Боловсролын зээлийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хүрээнд олгож байна.
ТОМИЛОН АЖИЛЛУУЛАХ:
Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн үндсэн зорилго нь Монгол Улсад орон нутгийн хөгжлийг түүчээлэн манлайлах чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж хуваарьт орон нутагт нь томилон тогтвор суурьшилтай ажиллуулах юм.
Үндсэн хөтөлбөрийн тэтгэлгийг олгоход Суралцагч, Боловсролын зээлийн сан, суралцагчийн харьяалагдах аймаг, нийслэлийн Засаг даргыг хамруулсан Гурвалсан гэрээ байгуулдаг.
Суралцагч төгсөж ирээд 5-с доошгүй жил хуваарьт орон нутагт мэргэжлээрээ ажилласнаар дээрх гэрээний нөхцөлөөс бүрэн чөлөөлөгдөх юм.
ҮР ДҮН:
Ерөнхийлөгчийн илгээлтийн 2100 хөтөлбөрийн эздийг дараах үндсэн 2 зорилгын хүрээнд бэлтгэж байна. Үүнд:
1. Улс, орон нутгийн хөгжлийн түүчээлэх чадварлаг мэргэжилтнийг төрийн бодлогоор бэлтгэх
2. Улс, ард түмэн хоорондын дипломат харилцааны гүүр болгох Тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2021 онд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд жилд 1200 Монгол Улсаас сургадаг боловч 90 гаруй хувь нь хотоос хамрагддаг байсан.
Ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр орон нутгийн суралцагчдад бодит боломж олдсон төдийгүй төгсөх ангийн хүүхдүүд өөрийгөө бэлтгэдэг, бусад тэтгэлэгт ч өрсөлдөх үзэх хүсэл тэмүүлэлтэй болсон.
Дотоодын их дээд сургууль төгссөн төгсөгчид ч орон нутагт очиж ажиллах нь нэн ховордсон энэ үед Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн гадаадад суралцах нөхцөл нь хөшүүрэг болж орон нутагтаа нэн шаардлагатай мэргэжлээр тогтвортой суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлж байна.
Мөн Илгээлтийн эзэд 23 улсад 10 хэлээр суралцан, тухайн улс орны хэл соёл, давуу тал, тэргүүн туршлагаас суралцан ирж орон нутагтаа түгээн дэлгэрүүлж, нутагшуулан, цаашид ч орон нутгаа суралцсан улстайгаа холбох дипломат харилцааны нэгэн гүүр болох учиртай.
Тиймээс ч хилийн чанадад суралцаж байгаа Илгээлтийн эздэд Монгол Улсаас тухайн улсад суугаа Элчин сайд, ЭСЯ онцгой анхаарал хандуулдаг бол Монголд суугаа гадны Элчин сайд нар ч энэ хөтөлбөрт онцгойлон ач холбогдол өгч ирсэн.

Монгол Улсын “Алсын хараа 2050”, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Мега төслүүд хэрэгжихэд хүний нөөц хамгийн чухал юм. Хүний нөөцийг бэлтгэх нь хамгийн их хугацаа ордог эртнээс урьдчилан харж хэрэгжүүлэх ёстой бодлого билээ. Тиймээс Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөр нь энэхүү хөгжлийн бодлого, Мега төслүүдийн хэрэгжүүлэх цөм хүний нөөцийг Монгол Улсын өнцөг булан бүрд урьдчилан бэлтгэж чадсанаараа үнэ цэнтэй юм.Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөр бол зөвхөн нэг сургалтын тэтгэлгийн хөтөлбөр төдий бус Хөгжлийн мега хөтөлбөр, Улс, орон нутгийн хөгжилд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Уг тэтгэлэг нь 2021 оноос зарлагдаж дотоодын бэлтгэл хөтөлбөрт жил бүр элсэлт авч эхэлсэн ба 2022 оноос эхлэн дэлхийн шилдэг их сургуулиуд, хамтын ажиллагааны гэрээтэй сургууль, засгийн газар хоорондын хөтөлбөрүүдээр 23 улсад бакалаврын хөтөлбөрт сургаж байна.
Тэтгэлгийг төрлөөр нь:
- Бэлтгэл хөтөлбөр 1 жил
- Гадаадын их сургуульд суралцах 3-4 жил /үндсэн хөтөлбөр/
- Эх орондоо ажиллах 5 жил
Үндсэн хөтөлбөр:
• Дэлхийн шилдэг 100 их сургуульд суралцах
• Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр суралцах
• Боловсролын яам, Боловсролын зээлийн сангийн түвшинд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хүрээнд суралцах
• Тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийг 60, түүнээс дээш хувийн үнэлгээтэй төгссөн байх
• Үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх
Ерөнхийлөгчийн Илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөр: /2021-2024 онд/
• Гадаадад суралцагчид:2022 онд 13 улсад 256 илгээлтийн эзэд
2023 онд 16 улсад 260 илгээлтийн эзэд
2024 онд 15 улсад 296 илгээлтийн эзэд
• Дэлхийн шилдэг 100 их сургуульд:
2022 онд 22 илгээлтийн эзэд
2023 онд 48 илгээлтийн эзэд
2024 онд 55 илгээлтийн эзэд
Нийт 1055 оюутан Америкийн Нэгдсэн Улс, Австралийн Холбооны Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Канад Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Куба Улс, Бүгд Найрамдах Литва Улс,Бүгд Найрамдах Чех Улс, Япон Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Турк Улс зэрэг 23 орны их, дээд сургуульд суралцаж байна.
