Элчин сайдын мэндчилгээ
Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудаст тавтай морилно уу.
Монгол, Унгар хоёр улс нь түүх, соёлын арвин баялаг уламжлалт хэлхээ холбоотой бөгөөд 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан итгэлцэл, нөхөрсөг хамтын ажиллагааг тууштай өргөжүүлэн хөгжүүлж ирсэн билээ. Унгар Улс манай улсын Европ дахь чухал түнш бөгөөд хоёр талын харилцааг нийгэм, эдийн засгийн олон салбарт хөгжүүлж, үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг болно.
Унгарын эрдэмтэн судлаачид монгол хэл, соёлыг эртнээс судалж ирсэн сайхан уламжлалтай бөгөөд Европ дахь монгол судлалын эхлэлийг тавьсан баялаг түүхтэй. Өдгөө Унгар дахь монгол судлал өргөжиж, үе үеийн олон эрдэмтэн, судлаачид ажил, амьдралаа монгол судлалд зориулж байна.
Манай хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа хоёр орны харилцааны нэгэн тэргүүлэх чиглэл бөгөөд Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгийн хүрээнд монголын олон залуус дэлхийд данстай унгарын их дээд сургуульд боловсрол эзэмшиж, эдүгээ улс орныхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа билээ.
Энэ ялдамд Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн Унгарын ард түмэн, Засгийн газарт гүн талархал илэрхийлье.
Элчин сайдын яам Монгол, Унгарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, чанартай, шуурхай консулын үйлчилгээ үзүүлэх, суугаа орондоо Монгол Улсын талаарх үнэн зөв мэдээллийг түгээх, түүх, соёлыг сурталчлах чиглэлээр тууштай ажиллаж байна.
Энэхүү цахим хуудсаар дамжуулан Та бүхэн Элчин сайдын яамны үйл ажиллагаа, хоёр улсын харилцаа, консулын үйлчилгээ, визний талаарх мэдээ мэдээлэл, иргэдэд зориулсан зөвлөмж болон бусад шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь шуурхай авах боломжтой. Бид цахим хуудсаа тогтмол шинэчилж, иргэд, байгууллагуудтай нээлттэй, шуурхай харилцахыг зорин ажиллах болно.
Түүнчлэн Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой Унгарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хөрөнгө оруулагчид, эрдэм шинжилгээ, боловсрол, соёлын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахад бид үргэлж нээлттэй байх болно.
Та бүхнийг энэхүү цахим хуудсаар тогтмол зочилж, санал хүсэлтээ бидэнтэй хуваалцан, Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСААС УНГАР УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД
НЯМЦЭРЭНГИЙН ЭНХТАЙВАН