Үндэсний гадаад паспорт нь иргэн таны гадаадад зорчих, таныг Монгол Улсын иргэн мөн гэдгийг хилийн чанадад гэрчлэх үндсэн бичиг баримт юм.
Иймд иргэн та өөрийн болон өөрийн асран хамгаалалтад буй хүмүүсийн бичиг баримтын хүчинтэй эсэхийг байнга сайтар шалгаж, шаардлагатай үед нь шинэчлүүлж өөртөө болон өөрийн асран хамгаалж буй хүмүүсийн өмнө хариуцлагатай хандах нь чухал юм.
Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахаа больсон тул хугацаа дууссан тохиолдолд заавал шинэ паспорт захиалах шаардлагатай гэдгийг анхаарна уу.
ГАДААД ПАСПОРТЫГ ЭЛЧИН САЙДЫН ЯАМААР ДАМЖУУЛАН ЗАХИАЛАХ, ХҮЛЭЭН АВАХ
Элчин сайдын яаманд захиалсан паспортыг хүлээн авах хугацаа нь Гадаад харилцааны яамнаас дипломат шуудан ирэх хугацаанаас хамаарах тул 1-2 сар хүлээх магадлалтай.
Гадаад паспорт хэвлэгдэж ирсний дараа Элчин сайдын яаманд өөрийн биеэр ирж хүлээн авна.
Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ
- 16-аас дээш насны иргэд: Монгол Улсын цахим иргэний үнэмлэх, эсхүл e-Mongolia-гаас авсан Иргэний үнэмлэхийн лавлагаа
- 0-16 хүртэлх насны иргэд Төрсний гэрчилгээ, эсхүл e-Mongolia-гаас авсан Төрсний бүртгэлийн лавлагаа
Цахим цээж зураг
Гадаад паспортын цээж зургийг цахимаар, дараах холбоосоор оруулна: https://photo.burtgel.gov.mn
Тавигдах шаардлага:
- Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлнэ.
- Өөрийн нүүр царайг халхалсан нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан байх.
- Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй байх.
- Зургийн ард хаалга, цонх, тавилга гэх мэт зургийн чанар стандартад нөлөөлөх зүйлсийг оруулахгүй байх.
- Зургийн хэмжээ нь 413px X 531px байх тул хэмжээ таарахгүй тохиолдолд зургийг хүлээн авах боломжгүй байна.
- Сүүлийн 1 сарын дотор авхуулсан зураг байх.
- Дүр төрхийн өөрчлөлт орсон бол холбогдох баримт бичгийг улсын бүртгэгчид өгсөн байх.
Үйлчилгээний хураамж
| Паспорт захиалгын төлбөр – 50 ам. доллар /17,500 форинт*/ *Ам.долларын тухайн сарын ханшаас хамааран өөрчлөгдөнө. |
Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
Гадаад паспортаа алдаж үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг магадалсан цагдаагийн байгууллагын тодорхойлолт.
ХОЁР. БУСДАД ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЗАМААР ШИНЭ ПАСПОРТ ЗАХИАЛАХ
Та гадаад паспорт захиалж, яаралтай хүлээн авах шаардлагатай бол Монгол Улсад оршин суугаа иргэнд итгэмжлэл олгох замаар паспортоо захиалж, хувиараа авчруулах боломжтой.
Итгэмжлэл олгох замаар Монгол Улсад паспорт захиалах тохиолдолд Таны итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын бүртгэлийн ерөнхий газар, эсхүл нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хандан Таны өмнөөс Танд шинэ паспорт захиалах юм.
Хэрэв Та итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гадаад паспорт захиалах бол итгэмжлэл илгээх цаг авч, итгэмжлэл илгээхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлнэ үү.
Монгол Улсад паспорт захиалах заавар, үйлчилгээний талаарх мэдээлэлтэй https://burtgel.gov.mn/service/index.php/civil/passport-item танилцана уу.