Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ

Мэдээ

Элчин сайд Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Монгол, Төв Ази судлалын тэнхимийн төлөөлөлтэй уулзав

Элчин сайд Н.Энхтайван Эөтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Монгол, Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч Бирталан Агнешийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Унгарын болон олон улсын монгол судлалын түүхэн хөгжил, өнөө цагийн байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх чиглэлээр хамтарч ажиллах талаар ярилцав. Тэнхимийн зүгээс ЭСЯ-г үнэн бодит эх сурвалжид суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны ажил, мэдээллээр хангах, салбар салбарын тэргүүний судлаачидтай холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх боломжтойг илэрхийлэв. ЭСЯ-ны зүгээс монгол судлалын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж, Монгол Унгарын эрдэм шинжилгээний байгууллагуудын холбоог өргөжүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Унгар дахь Монгол оюутнуудын холбооны төлөөлөлтэй уулзав

Н.Энхтайван Элчин сайд Унгар дахь Монгол оюутнуудын холбооны төлөөллийг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзаж үйл ажиллагаа, бүтэцтэй танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Элчин сайдын яамнаас 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Элчин сайд Н.Энхтайван Унгар дахь Монголчуудын холбооны төлөөлөлтэй уулзав

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван Унгар дахь Монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан тус холбооны үйл ажиллагаа, бүтэц болон Унгар Улсад оршин суугаа монгол иргэдэд хэрхэн дэмжлэг үзүүлж ажилдаг талаар танилцлаа. Уулзалтаар Элчин сайдын яамнаас 5 сарын 31-ний өдөр Хүүхдийн баярыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Элчин сайд Н.Энхтайван ГҮЕМ Монгол сургуулийн төлөөлөлтэй уулзав

Элчин сайд Н.Энхтайван ГҮЕМ Монгол сургуулийн төлөөлөлтэй уулзаж сургуулийн одоогийн үйл ажиллагаа, ололт амжилттай танилцаж, Элчин сайдын яам сургуулийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлж 5 сарын 23-ны өдөр Үсэглэлийн баярыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тогтов.

Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шуйокт Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямцэрэнгийн Энхтайван 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шуйокт Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Н.Энхтайван Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, бүрэн эрхийн хугацаандаа хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” тэтгэлэг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монголын иргэд Унгарын Их, дээд сургуулиудад суралцахад дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв. Түүнчлэн Унгар Улсад оршин суугаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад үргэлжлүүлэн дэмжлэг туслалцаа үзүүлж байхыг хүсэж, Элчин сайдын зүгээс иргэд хоорондын харилцааг улам нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа онцлон дурдав.

Ерөнхийлөгч Томаш Шуйок Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлж, Унгарын ард түмэн эртний түүхэн харилцаат Монголчуудыг анд нөхөд, ахан дүүс хэмээн үздэгийг дурдав. Түүнчлэн хоёр орны улс төрийн харилцаа маш өндөр түвшинд байгаа тухай онцолж, цаашид харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Эцэст нь Элчин сайд Н.Энхтайванд баяр хүргэн, ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав

Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямцэрэнгийн Энхтайван Унгар Улсын Гадаад хэрэг, Худалдааны яамны Ёслолын газрын захирал Анетт Варгад 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав.